ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Оргил: Хүн болгон хөрөнгийн зах зээлийн мэдлэгтэй байх албагүй. Сангийн зүгээс иргэн бүрд хөрөнгө оруулах боломж олгодог

Т.Саран, iKon.mn
2023 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

"Борооны дараах мөөг шиг олон хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд бий болж байна. Бидний харж байгаагаар 3-4 жилийн дараа гэхэд салбарын тэргүүлэгчид нь ялгараад, унах нэг нь унаад дуусна гэж төсөөлж байгаа. Тэр үед салбартаа гол тоглогч болсон байх зорилготой ажиллаж байна" хэмээн "ОЧУН" инвестментийн гүйцэтгэх захирал Г.Оргил онцолж байлаа. 


-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхний хувьд ямар үнэт зүйлийг эрхэмлэн ажиллаж байна вэ? 

-Очир Ундраа группийн хувьд санхүүгийн чиглэлийн Практикал даатгал, Очир Ундраа ОМЗ, ОЧУН гээд гурван компани бий. Группийн хэмжээнд засаглал сайтай, ил тод, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн, ёс зүйтэй ажиллахыг зорьдог. Жишээлбэл манай санхүүгийн компаниудын ТУЗ-д хараат бус гишүүд нь олонх байдаг бөгөөд ТУЗ-ийн дарга нь хараат бус гишүүн ажиллаж байгааг дурдаж болно.  

2022 оны 11 сараас миний бие "ОЧУН" инвестментийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Одоогоор хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулсан бөгөөд хөрөнгө татах ажил дээрээ төвлөрч ажиллаж байна. 

зураг
 

"Манай компани менежментийн 39 компаниас өөрийн хөрөнгийн хэмжээгээр  тэргүүлэгчдийн нэг"

-39 компани байна гэлээ. Танайх юугаараа онцлог вэ?

Хөрөнгө оруулалтын менежментийн 39 компани тусгай зөвшөөрлөө аваад ажиллаж байна. Эдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 10 орчим компани байна гэж хардаг. Манайх компанийн дүрмийн сангийн хэмжээгээр тэргүүлэгчдийн нэг. Санхүүгийн чадамж нь сайн байхаар бусад давуу талуудыг бий болгох боломжтой бөгөөд эдгээр нь нийлээд амжилттай хөрөнгө оруулалт хийх суурь нь болдог. Тэдгээрт нь чадварлаг баг, чанартай мэдээллийн эх сурвалж, туршлага гэх зэргийг нэрлэж болно.

Амжилттай хөрөнгө оруулахын тулд маш сайн судалгаа хийх ёстой. Үүний тулд мэдээллийн эх сурвалж сайтай байх шаардлагатай. Иймээс бид Bloomberg Terminal авч ашигладаг. Хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд одоогоор манайх шиг ийм мэдээллийн эх сурвалжтай хамтарч ажилладаггүй. Энэ нь манай компанийн нэг онцлог давуу тал юм. Гарах ёстой зардлаа бид гаргаж чаддаг. Өгөөжийг нь бид, хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид хамтдаа хүртэнэ. 

Эцсийн дүндээ хөрөнгө оруулалтын менежментийн компанийн гол ялгарал нь үр дүнгийн түүх байдаг. Үүсгэн байгуулсан сангуудынх нь өгөөж ямар байсан бэ гэдэг хамгийн чухал нь.

зураг
 

-Хөрөнгө оруулалтын талаар судалгаа хийхэд цаг хугацаа их шаарддаг байх?

Бид өнөөдөр байгаа тоо мэдээ, фактууд дээр тулгуурласан судалгаа шинжилгээг хийж, ирээдүйг таамаглаж байгаа гэж ойлгож болно. Хөрөнгө оруулалтын судалгаа шинжилгээ хийх үйл явц нь асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаарддаг. Жишээлбэл манай компанийн хувьд есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр нэг сангийн судалгааг хийж байна. Хүмүүс тус тусдаа хөрөнгө оруулалт хийвэл бидний гаргасан хэмжээний зардал гаргахад хүндрэлтэй. Бага зардлаар гэхээр чанаргүй судалгаа шинжилгээнд тулгуурлан магадлал багатай шийдвэр гаргана. Тэгэхээр хөрөнгө оруулалтын санд нэгдэхээр бага зардлаар, чанартай судалгаанд суурилсан байдлаар, хөрөнгөө удирдуулж байгаа хэрэг юм.

Ажиглаад байхад мэргэжлийн бус хөрөнгө оруулагчид сэтгэл хөдлөлөөрөө ч юм уу,  хэн нэгний зөвлөгөөг уншаад хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаад байгаа харагддаг. энэ нь мөрийтэй тоглоомтой нэг талаараа төстэй. Ихэнх жижиглэнгийн хөрөнгө оруулагчид алддаг. Үүнийг саяхан болоод өнгөрсөн криптогийн галзуурлаас ч харж болно.

зураг
 

-Хувийн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг жигдрүүлэх чиглэлд ажиллаж байгаа гэлээ? 

Гадаадын хувьцаа, дотоодын компанийн бондууд гэсэн гол хөрөнгө оруулалтын багц дээр бид ажиллаж байна. Мөн нэмэлтээр өгөөж өндөртэй зах зээл дээрх боломжуудыг ашиглаж болох сан бий болгож байгаа. Манай компани дээр ирж уулзаад, хэрхэн амжилттай ажиллаж байгаатай танилцаж, хөрөнгө оруулалтын стратегийг тайлбарлуулж болно. 

-АНУ-ын нийт хөрөнгийн зах зээлд эргэлдэж байгаа хөрөнгийн 80 хувь нь мэргэжлийн хөрөнгө оруулагчаар дамждаг. Монгол Улсын хувьд энэхүү үзүүлэлт ямар түвшинд байгаа гэж хэлэх вэ?

-Манай улсын хөрөнгө оруулалтын сангууд ойролцоогоор 100-200 тэрбум төгрөг удирдаж байна. Ингээд бодохоор маш бага тоо. Монголд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын орон зай хоосон байгаа гээд хэлчихэд буруудахгүй болов уу? Хөрөнгийн зах зээл бүрэн ажиллахын тулд асар олон төрлийн оролцогчид хэрэгтэй байдаг. Тэдний нэг болох мэргэжлийн хөрөнгө оруулагчид одоо л бий болж байна. Цаашдаа зах зээл хөгжихийн хэрээ бусад оролцогчид ч бий болоод явна гэдэг итгэлтэй байдаг.

зураг
 

"Өөрт тохирсон хөрөнгө оруулалтын сангаа зөв сонгох нь чухал"

-Хөрөнгө оруулалтын ямар боломжууд байдаг талаар танилцуулахгүй юу? 

Монголчуудын хамгийн түгээмэл хөрөнгө оруулалт бол хадгаламж болон орон сууц байлаа. Одоо бол асар олон боломжууд зах зээлд бий болсон. Тэдгээрийг зөв ашиглаж сурах шаардлагатай байгаа. Хөрөнгө оруулалтын боломжуудын талаар товч тайлбарлаж өгье гэж бодож байна.

Хадгаламж: Өгөөж бага, эрсдэл бага, хөрвөх чадвар муу. Хадгаламжийн хувьд гол эрсдэл нь тухайн банк дампуурах. Системийн том банкнууд дампуурах эрсдэл бага харин жижиг байх тусмаа эрсдэл нь нэмэгдэнэ. Хадгаламжтай хүн улиралдаа нэг удаа банкнуудын тайланг харж байх хэрэгтэй.

Бонд: Засгийн газрын болон компанийн гэж гол хоёр ангилалд хуваагдана. Засгийн газрын бонд бол эрсдэлгүй хөрөнгө оруулалт гэж тооцогддог тул өгөөж нь ч бага. Харин компанийн бондуудын хувьд одоогоор дотоодод 18%-20%-ийн хооронд гарч байна. Хувьцааг бодвол компанийн бонд нь эрсдэл багатайд тооцогддог ч нэг компанийн эрсдэлийг авч байгаагаа бодох хэрэгтэй. Тухайн компани дампуурах уу үгүй юу гэдгийг судлах хэрэгтэй. Ер нь бонд, хадгаламж хоёр дээр бусдаасаа хэт өндөр өгөөж өгөөд эхэлбэл болгоомжлох хэрэгтэй.

Үл хөдлөх хөрөнгө: Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх нь эрсдэл багатай ч өгөөж багатай. Инфляцаас хамгаалдаг байж болох хэдий ч бусад боломжуудтай харьцуулахад муу. Дундаж орон сууцыг бодвол түрээсийн өгөөж нь 8%-10 байна, гэтэл бусад боломжуудтай адил түвшинд хүрэхийн тулд орон сууцны үнэ жил бүр 10 орчим хувиар өсөж байх хэрэгтэй гэсэн үг. Байрны элэгдлийн зардлыг тооцож үзвэл өгөөж нь бүр л муудна.

Хувьцаа: Эрсдэл өндөр ч өгөөж өндөр байх боломжтой. Асар их судалгаа хийсний үндсэн дээр амжилттай хөрөнгө оруулалт хийх магадлал нэмэгдэнэ. Мөн урт хугацааны хөрөнгө оруулалт тул дор хаяж нэг жилийн хугацаанд зарахгүй гэсэн бэлтгэлтэй байх хэрэгтэй. 2012 оноос 2022 оны эцэс хүртэлх тоон мэдээн дээр харвал АНУ-ын SP500 индексийг худалдаж авсан хүний дундаж бодит өгөөж нь жилийн 12% байхад ТОП 20 индексийн дундаж бодит өгөөж нь 0% байдаг. SP500 үзүүлэлтийн сайн байгаа гол шалтгаан нь ам.долларын ханшийн чангарал байдаг.

Хөрөнгө оруулалтын сан: Хүн бүр санхүү, хөрөнгийн захын мэргэжилтэн байх албагүй ч мэргэжлийн хөрөнгө оруулагч байх боломжийг хөрөнгө оруулалтын сан бүрдүүлдэг. Хүн бүрийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага өөр байж болохтой адил хөрөнгө оруулалтын сангууд ч дотроо олон янз. Хамтын сангуудад ороход хялбар хэдий ч зах зээлийн хөдөлгөөнийг дагах хандлагатай бол хувийн сангуудад орох босго өндөр ч олон төрлийн ахисан түвшний хөрөнгө оруулалтыг стратеги хэрэгжүүлж чаддаг.

зураг
 

-Тэгвэл хэрхэн сайн хөрөнгө оруулалтын санг таньж сонгох талаар мэргэжлийн хүний хувьд зөвлөгөө өгнө үү? 

Тэгэхээр би ямар хэмжээний эрсдэл хүлээн авч чадах вэ, ямар өгөөжийг хүсэж байна, ямар зорилгоор хөрөнгө оруулалт хийж байгаа, ямар хугацаанд хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг асуултуудад хариулаад, түүндээ нийцсэн сангаа сонгох хэрэгтэй. Сар бүр хүүгээ авдаг хадгаламж хэрэгтэй хүн 10 жилийн хугацаатай санд орж болохгүй л гэсэн үг.

Сангууд үүсгэн байгуулагдахдаа өгөөж болон эрсдэлийн төсөөллөө танилцуулдаг. Түүнийг өнгөрсөн хугацааны тоон мэдээнд үндэслэн бэлтгэдэг. Өнгөрсөн хугацааны дата ирээдүйг илэрхийлэхгүй ч ерөнхийдөө багцаа гаргадаг. Ядаж энэ танилцуулгыг нь бүрэн уншаад өөрт тохирох эсэхийг харах хэрэгтэй. Хэрвээ бодит хөрөнгө оруулалтын үр дүнгийн түүхтэй бол тэрийг нь харах нь хамгийн зөв. Одоогоор Монголд сангууд үүсээд бага хугацаа өнгөрсөн тул түүхтэй сан бараг л байхгүй. Энэ тохиолдолд удирдаж байгаа хүн, багийнх нь ур чадвар, туршлагыг харах хэрэгтэй.

-Хэчнээн хөрөнгө оруулалтын сан Монголд байдаг вэ?

20 гаруй хөрөнгө оруулалтын сан байгаа гэр харагддаг ч хэд нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй. Хамтын сан бол тав байгаа. Хувийн сангууд олон нийтэд чиглэсэн маркетинг хийж, өгөөжөө зарладаггүй. Тиймээс тэднийг ямар амжилттай ажиллаж байгааг мэдэх боломжгүй. Цөөн тооны хөрөнгө оруулагч нар л мэдэж байгаа гэсэн үг.

-Танай байгууллагад хандаж, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл зөвлөгөө авч болох нь ээ?

-Бидэнтэй холбогдоод, манай компани дээр ирж уулзаад хөрөнгө оруулалтын зах зээлийн талаар зөвлөгөө авч болно. Бид одоогоор хувийн хөрөнгө оруулалтын сан дээр хөрөнгө оруулалт татах ажил хийж байна. Энэ хүрээнд өдөрт уулзалтууд хийж байна.

Хувийн хөрөнгө оруулалтын сангийн нэг хүндрэлтэй зүйл нь цөөн тооны хүнээс хөрөнгө оруулалт татаж байгаа учраас нэг хүний хөрөнгө оруулах доод хэмжээ гэдэг зүйл зайлшгүй байдаг. Энэ босго өндөр болчихдог.

зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
48
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг