Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ганхуяг: Монгол Улсад 11 хүнээр шударга ёс тогтоох гэж байгаа бол зөвшөөрье. Гэхдээ бүх түвшинд МАН-ынхан 100 хувь эрх барьж ирсэн шүү

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн өмгөөлөгч н.Мөнхбат хэрэг, маргааны талаарх тайлбар, мэдүүлгийг шүүх бүрэлдэхүүнд танилцуулав. 

Тэрбээр "Б.Ганхуягийг МАН-ын "Шинэчлэл, хөгжлийн хороо" гэх гишүүддээ үйлчилдэг ТББ-ыг байгуулсан. Мөн Т.Аюурсайхан, н.Отгонжаргал нартай гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор бүлэг байгуулж, түүнд элссэн гэж үзээд Эрүүгийн гэмт хэрэгт буруутгаж байна. 

Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсон ч мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй. 

Зохион байгуулалттай гэмт бүлэг гэж үзэхийн тулд тухайн үйлдлүүдэд хамтран оролцсон шинжтэй байх ёстой. Гэтэл хоорондоо ямар ч хамааралгүй, тус тусдаа үйлдэгдсэн үйлдлүүдийг "Шинэчлэл, хөгжлийн хороо"-ны гишүүд гэдгээр нь нэгтгэсэн нь асуудал болоод буй. Энд хуулийн завхрал явагдаж байна.

Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хуулийн боломж бүрдсэн гэж үзэж байгаа. Энэ бол ганцхан Б.Ганхуягт биш, түүний ар гэр, үр хүүхдүүдийг залхаан цээрлүүлсэн шинжтэй үйл ажиллагаа болж хувираад байна" гэлээ. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрөөс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, өнөөдрийн байдлаар есөн сар гаруй хугацаанд хоригдож байгаа юм. 

"Надад жорлонгийн хэрэг үүрүүлээд араас нь жагсаал, нүүрсний хэрэгт холбогдуулах гэж байгаа бол би өнөөдөр 100 жилийн ял авахаар байна"

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр яллагдагч Б.Ганхуяг санал, хүсэлтээ илэрхийлэв. 

Тэрбээр "Нөгөө нүүрсний хэрэг хаана байна, 40, 50 их наяд төгрөг хаана байна вэ. Энд зүгээр тендер тойрсон хэрүүл, хашаа хороо ярилаа. 

Намайг арав дахь сардаа хорьж байна. Энэ хугацаанд шалгаагүй, байцаагаагүй, барьж хориогүй, эрүүдэн шүүгээгүй хамаатан садан, найз нөхөд үлдээгүй, 68 хүнийг аваачиж хийсэн.

Үнэхээр нүүрсний хэргээ илрүүлэх гэж байгаа бол шалга. Гэхдээ "нүүрс" гэж маш том бухал харагдуулаад зөвхөн нэг зүүний тухай яриад байхаар чинь иргэд логикийн хувьд ойлгохгүй байна.

Нүүрсний гэх хэрэгт маш олон мэдүүлэг өглөө. Нүүрсний 300 гаруй тендер, нүүрсний 400 гаруй гэрээ энэ бүхэн хэрэг биш болчихсон юм уу. УИХ-ын Ажлын хэсэг юу хийгээд байгаа юм. Надаас юу ч асуухгүй байгаа. 

АТГ-аас дандаа дутуу 4, 5 мэдүүлэг авсан. 

Надад жорлонгийн хэрэг үүрүүлээд араас нь жагсаал, нүүрс, офтейкийн хэрэг гээд орж ирэх гэж байгаа бол би өнөөдөр 100 жилийн ял авах гэж байна. Энэ бол маш муу найруулсан жүжиг. 

"Нүүрс" гэж маш том асуудлыг иргэдэд харуулчхаад өчнөөн олон их наядаар ярьж байгаа. Гэтэл энд 11 хүнд холбогдох хэрэг 40 гаруй тэрбум хүрэхтэй үгүйтэй, дандаа зохиомол, хэлмэгдүүлэлт явагдаж байна.

Яагаад намайг Т.Аюурсайхантай холбогдуулж байна вэ гэвэл миний хэрэг тэдэнд жижигдээд байгаа юм байна. Хашаа хороо, хаа байсан Дорнодын хэргийг цуглуулж ирээд зохион байгуулалттай гэмт бүлэглэл гээд том юм авчраад тохсон. 

Зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэж байхгүй. Би "Эрдэнэс Тавантолгой” гэх компанид 2007 оноос хойш ажиллаж байгаа. Т.Аюурсайханыг таньдаггүй байсан. 2013 онд л танилцсан. Юун Т.Аюурсайханы зохион байгуулалттай гэмт бүлэглэлд орох. 

Энэ нөхөр "Эрдэнэс Тавантолгой"-д ч очиж үзээгүй. Би яахаараа эдний бүлэгт элсчихдэг юм. Харин энэ чинь хурлаа ч хийдэггүй байсан хүн шүү дээ" гэлээ. 

"Биднийг 40 хүрэхгүй тэрбум төгрөгт яллах, яллахгүй тухай ярьж байна. Тэгвэл үлдсэн 40 гаруй их наяд яав" 

Мөн тэрбээр "Түрүүнээс хойш ердөө МАН-ын асуудал л яригдаад байна. 220,000 гишүүнтэй МАН одоо эрх барьж байгаа. МАН-ынхан

  • 2016 онд 100 хувь 
  • 2020 онд 100 хувь эрх барьсан.

Бүх түвшинд эрх барьж байгаа МАН-ын 220,000 гишүүнийг энд шүү, намын дарга нь хаана байгаа юм.

Надад хамааралгүй, зөвхөн намайг яллахад зориулсан зүйлсийг сугалж авч хэрэг үүсгэчхээд өнөөдөр энд 40 хүрэхгүй тэрбум төгрөгт яллах, яллахгүй тухай ярьж байна. Тэгвэл үлдсэн 40 гаруй их наяд төгрөг чинь хаана байна. Үнэхээр хэргээ олохгүй байна уу?, эсвэл олсон ч хүнээ нуугаад байгаа юм уу?

Хэрвээ нүүрсний гэх тодотголтой хэрэгт холбогдуулж 11 хүнээр Монгол Улсад шударга ёс тогтоох гэж байгаа бол зөвшөөрье. Гэхдээ дээр сууж байгаа хүмүүстэй бөөнөөрөө ярья. МАН-ынхаа асуудлыг ч ярья, нүүрсний хэргээ ч ярья. 

Би дахиад нэг ч өдөр хоригдмооргүй байна" хэмээн байр сууриа хэлэв.