Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

400 сая гаруй датад тулгуурлан хэвийн бус өөрчлөлт, өвчнийг шууд "илрүүлдэг" NURA Mongolia төв

ikon.mn
2023 оны 9 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол улсын хүн амын дунд Хавдрын шалтгаант нас баралт зонхилж байгаа нь бид эрт илрүүлэгт тогтмол хамрагддаггүй, олонх нь эрүүл амьдрах дадал хэвшилгүйгээс үүдэлтэй гэж үздэг. Тухайлбал 2022 онд нийт нас баралтын 23,7 хувийг хавдрын шалтгаант нас баралт эзэлсэн байна. Эх сурвалж: Эрүүл мэндийн үзүүлэлт 2022

Тэгвэл иргэдэд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт тогтмол хамрагдах соёлыг түгээхээр “NURA Монгол” (Nura Mongolia) төвийг энэ сарын 17-нд нээлээ. Таван Богд Групп нийгмийн хариуцлагын хүрээнд тус төвийг байгуулж, дэлхийн эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч томоохон эмнэлгүүдэд ашиглаж буй “Фүжифилм” корпорацын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, төхөөрөмжүүдээр тоногложээ.

NURA Монгол төв нь Эрүүл мэндийн салбарт хувьсал авчирч буй ХИЙМЭЛ ОЮУН УХААН-д суурилсан гэдгээрээ урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн бусад төвөөс ялгарч байгаа юм.

Тухайлбал, хиймэл оюун ухаанд суурилсан Фүжифилм SPEEDIA HD компьютер томограф 14-хөн секундэд дүрс оношилгоог хийх бөгөөд 50 000 хүний 400 сая гаруй датанд тулгуурлан, хэвийн бус өөрчлөлттэй тохиолдлыг ялган, “илрүүлдэг” байна. Хиймэл оюун ухааныг эрүүл мэндийн салбарт ашигласнаар эмч, ажилчдын цаг хугацааг хэмнэж, хүнээс хамаарах алдаа эрсдэл гаргахгүй, нарийн оношилгоо хийх боломжтойгоороо давуу талтай аж.

Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах соёлыг түгээнэ

“NURA Монгол” төв 40 гаруй нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтнаар хүний нөөцөө бүрдүүлэн ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэгчдийн оношилгоо, шинжилгээний хариуг олон улсын эмч нартай хамтран гаргах, хүлээгдэл, чирэгдэл үүсгэхээргүй үзлэгийн ухаалаг системтэй, японы Omotenashi буюу зочломтгой угтах үйлчилгээг нутагшуулснаараа үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлжээ.

Тус төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Япон Улсаас Монголд суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, “Фүжифилм” корпорацын ерөнхийлөгч Гото Тэйчи нар хүрэлцэн ирсэн нь ач холбогдол хэр өндөртэйг харуулах биз ээ. Иргэдийн эрүүл байх үндэс нь урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах явдал бөгөөд ийм оношилгоо, шинжилгээний соёлыг түгээхэд төр, хувийн хэвшил ийнхүү хамтран ажиллах нь зүйтэйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон.

зураг
 

32  үзүүлэлттэй эрт илрүүлгийн багц оношилгоог 120 минутад хийнэ

“Таван Богд Групп”-ийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Таван Богд Групп тэртээ 28 жилийн өмнө “Фүжифилм” корпорацтай хамтын ажиллагаагаа эхлүүлж, фото, дижитал зургийн үйлчилгээг Монголдоо нэвтрүүлж байсан. Харин өнөөдөр бид монгол хүний эрүүл мэндийн төлөө дахин “гар барьж”, хорт хавдрын эрт илрүүлэг бүхий 32 үзүүлэлттэй оношилгоо, шинжилгээг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник хэрэгслийн тусламжтайгаар хийж эхэллээ. Эдгээр оношилгоо, шинжилгээг бүгдийг нь нэг дор үзүүлж, хариуг хиймэл оюун ухаанд суурилан, богино хугацаанд гаргаж байгаагаараа онцлогтой.

Тодруулбал, иргэд манай төвд хандсанаар эхлээд оношилгооны өмнөх тусламж, үйлчилгээг шуурхай авч, хөтөч сувилагчийн тусламжтайгаар “тойрон” үзлэгт хамрагдах юм. Дуусаад оношилгооны дараах тусламж, үйлчилгээг авч, хариугаа шууд хэвлэмэл болон дижитал хэлбэрээр авах боломжтой. Үүнд нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлт, зөвлөгөөг давхар үзүүлэх бөгөөд таны эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлтийг цахим мэдээллийн санд байршуулна. Энэ бүх үйлчилгээг авахад та ердөө 120-хон минутыг л зарцуулах юм. Эрт илрүүлбэл, эмчилж чадна. “NURA Монгол” төвийг нээхэд мэргэжлийн зүгээс тусламж, дэмжлэг үзүүлсэн Эрүүл Мэндийн Яам, “Фүжифилм” корпорацынхандаа баярлалаа” гэж ярив.

Хиймэл оюун ухаанд суурилсан “NURA Монгол” нь дэлхийд тав дахь төв болон ийнхүү байгуулагдлаа. Жилд 25 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай тус төв нь зонхилон тохиолддог 10 төрлийн хорт хавдар, мөн амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан архаг, суурь өвчнүүдийг түүвэрлэж, эрт илрүүлэг, шинжилгээндээ хамруулан, 32 үзүүлэлтээр багцлан, хиймэл оюун ухааны тусламжтайгаар 99.7 хувийн магадлалтайгаар оношлох аж. Жишээ нь, амьдралын хэв маягаас шалтгаалах өвчний хүндрэлийг эрт илрүүлснээр эрүүл мэндийн зөвлөгөө, эмчилгээг цаг алдалгүй хийлгэж, урт наслах боломжтойг тус төвийнхөн онцолж байсан юм.

зураг
 

Японы туршлага, тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэв

“NURA Монгол” төвийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхий менежер Б.Бат-Эрдэнэ “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тусламж, цогц үйлчилгээ үзүүлэгч ижил төрлийн байгууллагуудаас манай төв нь хямд үнээр, илүү богино хугацаанд иргэдэд оношилгоо, шинжилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж эхлээд байна. Манай улсад сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл хурдацтай нэмэгдэж, оношлогдсон хүмүүсийн 74 хувь нь хожуу шатандаа өвчин нь илэрч, тэдний 66 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас барж буй гэсэн харамсалтай статистик бий.

Тэгвэл манай төв нь хиймэл оюун ухаан ашиглан, орчин үеийн дэвшилт тоног төхөөрөмжөөр хавдрыг эрт үед нь илрүүлснээр тухайн өвчтөний эдгэрэх хугацааг түргэсгэж, амьдралын чанар нь дээшлэхэд хувь нэмрээ оруулах юм. Япон улс нь 1952 оноос эрүүл мэндийн салбартаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тусламж, үйлчилгээг нэвтрүүлсэн байдаг. Эдүгээ ард иргэд нь ийм үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагддаг соёлтой болжээ. Өнгөрсөн онд гэхэд л тус улсын 20-иос дээш насны эрэгтэйчүүдийнх нь 74, эмэгтэйчүүдийн 66 хувь нь эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамрагдсан байна. Тиймээс бид энэхүү Японы туршлага, стандарт, тоног төхөөрөмжийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн нь дэвшил юм. Хуулийн дагуу манай төв тодорхой хугацаанд үйл ажиллагаагаа явуулсны дараа иргэддээ эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчлэх боломжтой гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу” гэсэн юм.

зураг
 

Дэлхийн хэмжээнд ирэх арван жилд эрт илрүүлгийн 100 төв нээнэ

Тэгвэл “Фүжифилм” корпорацын ерөнхийлөгч Гото Тэйчи NURA Монгол төвийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Манайх 90 жилийн өмнө гэрэл зургийн хальс үйлдвэрлэн, бизнесийн гараагаа эхлүүлж байв. Түүнээс хойш хоёрхон жилийн дараа эмнэлгийн рентген аппаратын хальс үйлдвэрлэн, дэлхийн өнцөг булан бүрд нийлүүлсээр ирсэн. Дэлхийн эрүүл мэндийн салбарын ололт, амжилт улам дээшилж, тоног төхөөрөмжүүд нь жил ирэх тусам хүчин чадалтай болж байгаа ч эрт илрүүлгийн тогтолцоо хараахан жигдрээгүй байна. Тиймээс бид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг дэлхий даяар жишиг болгоход хувь нэмрээ оруулахыг зорьж, 2021 онд Энэтхэгт “NURA” төвийг анх байгуулсан.

“NURA” нь Японы эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн жишиг бөгөөд “Фүжифилм”-ийн өндөр нарийвчлалтай эмнэлгийн тоног төхөөрөмжийг хиймэл оюун ухаантай хослуулан, хоёрхон цагийн дотор эмнэлгийн чанартай тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлдгээрээ давуу талтай. Ирэх 10 жилд бид дэлхийн хэмжээнд ийм 100 төвийг байгуулахаар зорин ажиллаж байна. Манай корпорац Монголд Ази, Африкийн орнуудаас түрүүлж нээх болсон нь “Таван Богд Групп”-тэй хамтран ажиллахад хялбар, шуурхай байдаг нь нөлөөлсөн. Тэр дундаа Ц.Баатарсайхан ерөнхийлөгчийн монголчууддаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн соёлыг түгээх чин хүсэл нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Төр, хувийн хэвшил нь хамтарвал богино хугацаанд асуудлыг шийдэж болдгийг харлаа” хэмээсэн.

Монгол Улсын үндсэн хуулийн 16.1-д “Иргэн бүр эрүүл мэндээ хамгаалуулах, ... эрхтэй” бас 17.2-т “Эрүүл мэндээ хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж заасан байдаг. Үүний дагуу бид өөрийнхөө болон хайртай дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах, ингэхийн тулд амьдралын зөв дадлыг хэвшүүлэх, өвчнөө эрт илрүүлбэл эдгэрнэ гэдгийг санаж, урьдчилан сэргийлэн үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдах соёлд суралцах ёстой. Энэ нь та, бидний хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд цаашлаад эрүүл мэнддээ  оруулж буй том хөрөнгө оруулалт билээ.

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.