Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Битүүмжилсэн $6 тэрбумын хөрөнгийг чөлөөлснийхөө хариуд АНУ таван иргэнээ Ираны шоронгоос шилжүүлж авлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Катар улсын зуучлалтайгаар байгуулагдсан тохиролцооны дагуу өчигдөр Иран улс гадаадад битүүмжлэгдсэн байсан $6 тэрбумын хөрөнгөө чөлөөлүүлж, хариуд нь АНУ-ын таван иргэнийг шоронгоос суллалаа.

АНУ-ын тал битүүмжлэгдсэн хөрөнгийг Доха хот дахь банкны дансанд шилжүүлсний дараа Катар улсын нисэх онгоц Тегеранаас таван иргэнийг, тэдний ойр төрлийн хоёр хүний хамт татан авсан байна.

Ираны засгийн газрын хөрөнгө 2018 оноос хойш Өмнөд Солонгосын банканд битүүмжлэгдээд байжээ.

Тохиролцооны дагуу уг хөрөнгийг Тегераны эрх баригчид зөвхөн хүмүүнлэгийн зориулалтаар ашиглах ба АНУ-ын хориг арга хэмжээг зөрчсөн аливаа үйлдэлд ашиглахгүй юм байна.

Битүүмжилсэн хөрөнгөөс гадна АНУ-ын тал Ираны таван иргэнийг суллахаар тохиролцсон юм. Тэдгээрийн хоёр нь АНУ-д, нэг нь гуравдагч улсад үлдэхээр болж, хоёр нь эх орондоо буцах сонголт хийсэн байна.

Өчигдөр Катарын онгоц бас дээрх хоёр иргэнийг АНУ-аас тээвэрлэн авчирсан юм.

Энэхүү тохиролцоо Тегерантай харилцах Вашингтоны гадаад бодлогод нөлөөлөхгүйг АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан мэдэгджээ.

АНУ, Ираны талуудыг тохиролцоонд хүргэх найман ээлжийн яриа хэлэлцээг Катарын тал өнгөрсөн саруудад зохион байгуулсан юм.

Иран улс болон Өрнөдийн орнуудын хооронд байгуулагдсан цөмийн хөтөлбөрийн гэрээнээс АНУ-ыг гаргах шийдвэрийг 2018 онд ерөнхийлөгч Дональд Трамп гаргаж байв. Энэ шийдвэрийн улмаас хоёр орны харилцаа эрс муудаад байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters