Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Халзан Бүрэгтэй ордын талаар тогтоол гаргажээ.
Тус тогтоолыг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар танилцуулав.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Халзан Бүрэгтэй ордод хамаарах хоёр тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хууль тогтоомжийн дагуу судалж орон нутгийн иргэдийн саналыг харгалзан шийдвэрлэж арга хэмжээ авахыг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар болон БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгалаа.
Халзан бүрэгтэй ордын хоёр тусгай зөвшөөрлийг "Mongolian National Rare Earth" ХХК эзэмшдэг. Тус компанийн 100 хувийн хувьцааг Худалдаа хөгжлийн банк эзэмшиж байна. Анх 2001, 2004 онд тусгай зөвшөөрлийг олгож байсан.
268 сая тонн хүдэр, 1.2 сая тонн исэл буюу эцсийн бүтээгдэхүүний нөөцтэй юм. Монгол Улсын газрын ховор элементийн 30 гаруй хувь нь тус ордод хамаардаг. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас энэ дөрөвдүгээр сарын 29-ний өдөр дотоод хяналт шалгалт явуулж, тус уурхайн үйл ажиллагааг түр зогсоох тухай улсын байцаагчийн акт гарч байсан. Хэдийгээр акт тавигдсан ч үйл ажиллагаа нь явагдаж байсан учир Засгийн газраас тогтоол гаргалаа.
Иргэдийн саналыг үндэслэн гээд үйл ажиллагаа чөлөөтэй явна гэсэн үг биш. Ордын үйл ажиллагаа зогссон үед Мянгад сумын иргэдийн саналыг авсны дараа Засгийн газарт танилцуулна. Тус ордын үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж зогсож байна.
Хэрэв дээрх дурдсан зөрчлүүдийг арилгаад, иргэд нь зөвшөөрвөл Халзан Бүрэгтэй ордын үйл ажиллагааг цааш нь явуулах боломжтой. Засгийн газрын өнөөдрийн шийдвэр нь ордыг улсын мэдэлд авах гэж байгаа гэсэн үг биш" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!