ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Эерэг өөрчлөлтийг түүчээлэгчид

ikon.mn
2023 оны 8 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

Энэ удаа “TomYo”-ийн Үүсгэн байгуулагч В.Баярсайхан болон “TomYo School of Ulaanbaatar”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Дэлгэрцэцэгтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. Уг эрхмүүд нь хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор эцэг эхчүүд хүүхдийнхээ сургуулийг сонгохдоо юуг анхаарах, хүүхдийг үр дүнтэй сурган хүмүүжүүлж, бэлтгэхтэй холбоотой туршлагаа хуваалцлаа.

- Та бүгд сүүлийн нэг жилийн хугацаанд TomYo нэрийн дор хоёр ч сургуулийг нээгээд амжлаа. Энэ сүүлийн нэг жилээ дүгнээд хэлбэл? Та юуг ихээр ойлгов?

В.Баярсайхан: Анхны TomYo сургуулиа яармагт нээж 700 хүүхэдтэй ажиллаж богино хугацаанд багагүй амжилтууд гаргалаа. Энэ жил хотын төвд Olula School нэртэйгээр шинэ сургуулиа нээсэн. Одоогоор 400 сурагч элсүүлж, хичээлийн шинэ жилээ эхлүүлэх гэж байна.

Энэ хугацаанд илүү бататгаж мэдэрсэн нэг зүйл бол Монгол хүүхдүүд маань хязгааргүй оюуны потенциалтай. Хамгийн гол нь тэр потенциалыг нь нээж, гаргаж ирж, хөгжүүлж чадвал ирээдүй үнэхээр гэрэлтэй байгааг олж харсан. Манай сурагчид төгсөөд 10-20 жилийн дараа Монголынхоо бүр цаашлаад дэлхийн нийгэм эдийн засаг, бизнес улс төрийг манлайлах лидерүүд болно гэдгийг баттайгаар хэлж чадна. Тиймээс өнөөдөр бидний хойч үедээ хийж буй энэхүү хөрөнгө оруулалт ирээдүйд 20 дахин нэмэгдэж улс эх оронд минь эргэн ирнэ итгэл үнэмшлээсээ урам авч энэхүү салбарын хэцүү бэрхийг инээгээд даваад явж байна.

Ц.Дэлгэрцэцэг: Сайн сургуулийг бүтээхэд шинэлэг заах аргазүйтэй, хүүхдэд хайртай сайн багш нарыг бүрдүүлэхээс гадна тэднийг байнга хөгжүүлж бас элдэв стрессгүй,  аз жаргалтай ажиллуулах нь чухал. Бид өнгөрсөн жил “Үндэсний томьёо 2022” багш нарын их сорилыг орон даяар зохион байгуулж 1000 гаруй багш нараас мэргэжлийн ур чадвар, өсөн дэвжих хандлагаар нь шилдэг багш нарыг сонгон шалгаруулсан. Сайн багш нар олон улсын стандартаар өөрийгөө хөгжүүлэх боломжтой, бүтээлч, хүнд сурталгүй соёлтой сургуульд удаан тогтвортой ажилладаг. Тийм соёлыг бий болгоход төвлөрлөө.

зураг
 

- Шинэ хичээлийн жил эхлэхэд богино хугацаа үлдсэн байна. Хүүхдийнхээ сургуулийг сонгох дээр төвлөрч байгаа эцэг эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ? Тэд юун дээрээ алддаг вэ?

Ц.Дэлгэрцэцэг: Мэдээж сургууль судлахдаа багшлах боловсон хүчин, сургуулийн орчин, байршил, хөтөлбөрийн онцлогийг харна. Эцэг эхчүүд Кембриджийн хөтөлбөртэй гэж сонсоод л сайн юм байна гэж боддог. Аливаа зүйлийг амжилттай болгоход төлөвлөгөө, зорилгоос гадна, хэрэгжүүлэх систем чухал. Хөтөлбөр бол төлөвлөгөө шүү дээ. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, үр дүнд баталгаатай хүргэхийн тулд IB, Cambridge зэрэг гаднын хөтөлбөрийн үндсэн багана, сурах бичгүүд дээр тулгуурлаж багш өөрөө хичээлээ цаг минутгүй төлөвлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд сургууль сонгохдоо тухайн сургуулийн багш нар нь заах хичээлээ сурагчдад хүртээмжтэй, ойлгомжтой байхаар хэрхэн төлөвлөсөн байна, хэр бүтээлчээр хандаж байна вэ гэдгийг асууж судлах хэрэгтэй. Хамгийн сайн хөтөлбөр бол хичээл заах багшийн боловсруулсан хөтөлбөр гэж бид үздэг.

Эцэг эхчүүд сургуулийг сошиал дээрээс харсан сурталчилгаагаар дүгнэж алдах нь их санагддаг. Сургууль судлах хамгийн амархан арга бол тэнд сурч байгаа сурагчдаас асуулт асуух. “Чи сургуульдаа дуртай юу?”, “Хичээлдээ дуртай юу? Яагаад?” гэх мэт асуултыг асууж байх нь зөв. Хэрэв “Хичээлдээ дуртай, багш ойлгомжтой заадаг, багш надтай гоё харьцдаг, хүүхдүүд хоорондоо дотно” гэж хэлж байгаа бол сургуулийн соёл, сургалтын чанарыг илтгэх том үзүүлэлт юм. Манай сургуулийн өнгөрсөн жилийн 5, 9, 12-р ангийн улсын шалгалтын болон ЭЕШ үзүүлэлт Хан-Уул дүүрэгтээ өндөр жагссан нь хичээлийг ойлгомжтой, сурагчдад хүртээмжтэй заасны үр дүн гэж бодож байна.

Эцэг эхчүүдийн гаргадаг бас нэг алдаа нь сургуулиа сайн судалсан ч, хүүхдээ судлаагүй байдаг. Хүүхэд тань юунд дуртай, ямар хүсэл мөрөөдөлтэй, одоо байгаа анги, сургуулийн юу нь таалагддаг, таалагддаггүй гээд тэдэнтэй ярилцаж, ойлгож байж шийдвэрээ гаргах хэрэгтэй.

зураг
 

- Одоогоор боловсролын салбарын хэмжээнд та ямар өөрчлөлт хэрэгтэй байгаа гэж харж байна? Түүнийг нь TomYo шийдэх гэж яваа юу?

В.Баярсайхан: Сайжруулах зүйлс олон байгаа. Жишээлбэл Монголд академик боловсролыг бодит амьдрал, жинхэнэ бизнесийн ертөнцтэй холбох тал дээр том зөрүү бий. Сурагч хичээлдээ хэчнээн сайн байсан ч ажлын байран дээр гараад адилхан амжилтыг гаргаж чадахгүй байх магадлал өндөр байна. Тиймээс энэ заагийг аль болох арилгах хэрэгтэй.

Яагаад физик, хими, математик, газар зүй гэх мэт хичээлүүдийг үзэж судлаад байгаагаа ойлгоогүй хүүхэд, том болоод ялгаагүй яагаад тэр мэргэжлээр өдөр бүр ажиллаад байгаагаа ойлгохгүй насыг барна гэсэн үг. Тиймээс “Яагаад?” гэдэг асуултаар учир шалтгааныг нь ойлгуулах гээд хэлбэрийн болон агуулгын олон өөрчлөлт хийх шаардлагатай байна.

Дараагийн бидний сэтгэл зүрхэнд ойрхон сэдэв бол хүртээмжийн асуудал. Монгол хүүхэд бүр хаана ямар сургуульд сурч байгаагаас үл хамааран сайн боловсрол эзэмших ёстой. Түүнийг TomYo маань технологийн компаниараа дамжуулан Англи хэл бие даан сурах Ella апп, хүссэн гадаад хэлээ сурах Lingo апп, ур чадвараа сайжруулах Skills аппуудыг хөгжүүлсэн.

- Таны хувьд энэ салбарт ямар өөрчлөлт нэн тэргүүнд хэрэгтэй байна вэ?

Ц.Дэлгэрцэцэг: Багшийн үнэлэмжийг сайжруулах. Багш мэргэжил ачаалалтай, стресстэй, цалин багатай гэсэн нийтлэг ойлголт байдаг. Хувийн сургууль зөв менежмент хийж чадвал багшийн цалин өндөр байх боломжтой. Түүнчлэн багш мөрөөдлийн хичээлээ заагаад, ур чадвараа сайжруулах, өсөн дэвжих шинэ үүд хаалганууд нээгдэнэ.

Хувийн сургууль гэхээр олон цагаар ажилладаг, эцэг эхийн дарамт шахалт өндөр гэсэн нийтлэг ойлголт байдаг. Хувийн сургууль ч гэсэн уян хатан цагийн системтэй, дарга гэсэн уламжлалт соёл байхгүйгээр эрүүл хүнлэг харилцааг үүсгэж, багшийг хүндлэх, хамтран ажиллах хандлагыг эцэг эхчүүдэд ойлгуулж болдог. Үүнийг бид “TomYo School of Ulaanbaatar” сургуулиараа харуулж, салбартаа жишиг болгохыг хүсэж байгаа.

Мөн Монголын цөм хөтөлбөр болон Олон Улсын IB хөтөлбөрийг хослуулж, Англи, Монгол хэлээр академик мэдлэгийг хэрхэн сурагчдад гүнзгий эзэмшүүлэх вэ. Одоогоор ийм хос хөтөлбөрөөр хичээллэдэг сургуулиуд их ачаалалтай, зөвхөн хичээлдээ сайн сурагчид л амжилттай суралцах боломжтой байна. Дундаж сурагч ч төвөггүйгээр эзэмших боломжтой хос хэлтэн хөтөлбөрийг боловсруулж салбартаа нэвтрүүлэх нь бидний нэг зорилго юм.

- Анхны сурагчдаа амжилттай төгсгөхөд юу нөлөөлсөн бэ?

Ц.Дэлгэрцэцэг: Бид өнгөрсөн жил анхны сурагчдаа амжилттай төгсгөсөн. Тухайн 9 төгсөгч маань АНУ, Канад, Солонгос, Хятад, Герман гэсэн улсуудын тэргүүлэх 38 их сургуулиас нийт 12.8 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний тэтгэлэг авсан.

Гадаадын ахлах сургуулийн сурагчид 9-р ангиасаа эхлэн 3-4 жил их сургуулийн өргөдөлдөө бэлддэг. Харин бид байгуулагдаад эхний жилдээ 12-р ангиа бүрдүүлж 1 жилийн дотор сурагчдаа их сургуульд бэлдэх хэрэгтэй болсон.

Энэ үйл хэргийг чадварлаг багш ажилчид, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, мэргэжлийн карьер зөвлөх, менторуудынхаа тусламжтай бүтээж чадсан. Тодруулбал карьер зөвлөхүүд маань сурагчдын мэргэжил сонголт, их сургуулийн өргөдөл бэлдэх дээр 9-р ангиас нь хойш анхаарч эхэлдэг. Харин салбар бүрийн гадаадад боловсрол эзэмшсэн, чадварлаг менторууд 7 хоног бүр сургууль дээр маань ирж ахлах ангийнханд яриа хийж, зөвлөгөө өгдөг.

зураг
 

- Зөвхөн TomYo-ийн сургуулиудаас авч болох тэр үнэ цэн юу вэ?

В.Баярсайхан: Бидний зорилго бол академик мэдлэгээ сайтар эзэмшихээс гадна ирээдүйн ажил амьдралд бодитоор хэрэг болохуйц хандлага, ур чадварыг суулгах явдал юм. Тодруулбал тухайн сурагчийн зорьж буй мэргэжилд тохирох чиглүүлэг өгөх менторшип, дэлхийн хаана ч очиж өрсөлдөхөд шаардлагатай суурь хатуу болон зөөлөн ур чадваруудыг эзэмшүүлэх гэж ойлгож болно. Мөн “TomYo” технологи суурьтай компани тул технологийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ гэдгийг багаас нь туршлага болгож суулгах нь бидний гол үнэ цэний нэг хэсэг юм.

- Одоо цаашид таны хувьд сурагчдын юун дээр илүүтэй төвлөрч ажиллана гэж харж байгаа вэ?

Ц.Дэлгэрцэцэг: Цаашид эхний жилийн амжилтдаа сэтгэл ханахгүйгээр сурагчдаа улам эрчимтэй сургах хөтөлбөрүүдийг бэлдэж байгаа. Гадаадад сурах чин хүсэл эрмэлзэлтэй, өөрийгөө тултал дайчилж сурсан сурагчдын хувьд “TomYo School of Ulaanbaatar”-т суралцсан цаг хугацаа амьдралыг нь өөрчлөх он жилүүд байна гэдэгт итгэлтэй байна. Ийм сурагчдыг дэмжихийн тулд 9-12 дугаар ангидаа тус бүр цөөн сурагч буюу 2-4 сурагчийг 30-100% тэтгэлэгтэй суралцуулахаар төлөвлөөд байна. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын эхний шат 8 сарын 17-нд болох тул энэ боломжийг битгий алдаарай гэж ахлах ангийнхандаа захья.

Яармагт байрлах “TomYo School of Ulaanbaatar” сургууль маань 1-8 дугаар ангидаа нэмж элсэлт авахгүй, зөвхөн 9-12 дугаар ангийн сурагчдыг элсүүлж байгаа. Харин энэ жил шинээр байгуулагдсан хотын төвийн “Olula School” сургууль дээр бүх ангиуддаа нэмэлт элсэлт явагдаж байгаа гэдгийг эцэг эхчүүддээ дуулгамаар байна.

Хоёр сургуулийн элсэлтийн албатай доорх холбоо барих мэдээллийн дагуу холбогдоорой.

зураг
 
зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
40
Зураг
ЗӨВ, ГОЁ
22
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.