Ардчилсан Намаас/АН/ өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр тус намын Стратеги бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа нийгэм, эдийн засгийн амьдралд гарч буй үйл явцын талаар ярилаа.
Тэрбээр "Сүүлийн долоо орчим жилд Монгол Улсын эдийн засаг, нийгэмд бодитой шинэчлэлт, өөрчлөлт гарсангүй. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд ахиц дэвшил гарсангүй.
Улсын эдийн засаг нүүрсний экспорт дээр л тогтож байна гэдгийг стратеги судалгааны хүрээлэнгийн хийсэн судалгаанууд нотолж байгаа. Аливаа улс төрийн нам алсын хараатай, тууштай, тогтвортой бодлогогүй, зорилтгүй бол зөвхөн дөрвөн жилийн хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтынхаа хойноос хий хөөсөрч, эдийн засгийн урт хугацааны макро, микро орчны тэнцвэртэй хөгжлийг орхигдуулдгийг хэдэн тоогоор хэлж болно.
Монгол Улсын төсвийн орлогын 80 гаруй хувийг ХАОАТ, НӨАТ, нийгмийн даатгалын орлогоор бүрдүүлж байгаа нь ажил хийж буй хэдэн хүнийхээ татварыг хурааж, төрийн нүсэр албыг санхүүжүүлэх чөтгөрийн тойрогт орсон тогтолцоон дээр амьдарч байна. Хөрөнгө оруулалт, хөгжлийн томоохон төслүүдэд зарцуулсан хөрөнгө харагдахгүй байгаа нь эдийн засаг буруу загвар.
Саяхан шинэчлэгдэн батлагдсан улс төрийн намуудын тухай хуулиар улс орныг хөгжүүлэх бодлогын хөтөлбөрүүдтэй байхыг шаардаж буй.
Монгол Улс Үндсэн хуульд зааснаар ардчилсан нийгмийг хөгжүүлэх зорилттой. Улс төрийн аль ч нам энэ зорилтыг биелүүлж байх учиртай. Ардчиллын хөгжилд сэтгэл хангалуун байна уу үгүй юу? гэсэн асуултад нийт иргэдийн 69.6% нь хангалуун бус гэж хариулж байна.
Манай улсын нийт иргэдийн 74.6% нь эдийн засгийн хөгжил буюу миний амьдрал ахуй хамгийн чухал гэж хэлж байна. Ажилгүйдэл хавтгайрч хүмүүс ядуурсан байна. Нийт ажиллах хүчний 56.5% нь нийгмийн бүтээн байгуулалтад оролцож байгаа бол бусад нь орон сууцны зээл, амьдралаа залгуулахаар гадаад орныг зорьжээ.
2024 онд УИХ-ын сонгууль болно. Дөрвөн жил эрх барихын төлөө биш улсаа тогтвортой хөгжүүлэх бодлогын хөтөлбөрүүдтэй байхыг шаардаж байгаа юм. Ийм учраас АН дэргэдээ Стратеги бодлого судалгааны хүрээлэнтэй болж, Монголын эдийн засагт суурь өөрчлөлт хийх 10 хөтөлбөрийн том бодлогыг боловсруулж байна.
Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа маш их болсон. Хангайн бүсэд 20-30 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин 62%-тай байна лээ.
Инфляц 10%-тай байна. Эрх баригч нам гаднаас инфляцаар дамжин ирж буй үнийн өсөлттэй тэмцэж чадахгүй байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!