• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Баяраас баярын хооронд амьдрах монгол ахуй

Х. Батсайхан
2014 оны 1 сарын 3
Монголын мэдээ
Зураг зураг
Баяраас баярын хооронд амьдрах монгол ахуй

Нэг танил маань “Арванхоёрдугаар сарын 5-нд байгууллагын шинэ жилтэй” гээд явж байхтай арваннэгдүгээр сарын сүүлээр дайралдсан юм. Шинэ жил тэмдэглэх, баярын уур амьсгал орох хугацаа наашилсаар арваннэгдүгээр сард тулаад ирж. 

Арванхоёрдугаар сарын 5-ныг ямар учиртай сонгож авсныг нь асуутал “Захиалга нь дүүрчихсэн гэсэн” гэж товчхон хариулж байна лээ. Манай нийслэл баар ресторан, шөнийн цэнгээний газрынхаа тоогоор дэлхийд дээгүүрт бичигдэх ч шинэ жилээр байгууллага болгон “аятайхан” газар тэмдэглэхийг хичээдэг учир ийм газрууд “од” болдог ажээ. 

Энэ бол нэг талаараа хүний санаанд нийцсэн цэнгээний газар, ресторан хотод цөөхөн байгаагийн шинж болов уу. Өмнө нь манайхан 20-д гаргаад л шинэ жилийн баярын талаар бодож эхэлдэг байсан гэж ахмадууд ярих юм билээ. Хүүхдийг эс  тооцвол эрх баригчид нь ч ажилчин, сэхээтэн, малчин аль нь ч арванхоёрдугаар сарын 31 болтол догдолдоггүй, тэгтэл их сүржигнэдэггүй байж. 

Одоо харин баяраас баярын дуулианы хооронд амьдраад байгаа юм шиг мэдрэмж төрөх болов. Оны сүүлчийн өдрийг ажлын өдөр гэж тооцдог нь хэвээрээ ч шинэ жилийн баяр сарын турш үргэлжилдэг болчихож. Он гараад хоёрхон хонож байгаа ч Цагаан сарын сурталчилгаа, мэндчилгээ хөврөөд эхэлчихсэн байна. Үүнийг дагаад “шилдэг”-ийг шалгаруулах аян хэрээс хэтэрч байна. 

80-аад оны наймаачид /ор­­чин цагийн нэршлээр биз­нес­мэ­нүүд/ өөрсдийгөө ил тод зарлаад явдаггүй байж. Наймаа хийх нь гэмт хэрэг гэж тооцогддог байсан болохоор арга ч үгүй. “Мөнгөн буйл” киноны гол дүр сүйхээтэй наймаачин эр “Эрийн тэнгэр тэтгэвэл дээ Гочоо минь ээ хө. Нарнаас тамхиа асаана даа Гоогоо минь ээ хө” гэж дуулдаг. 

Инээдмийн төрлийнх ч гэсэн энэ кинонд тухайн үеийн мөнгөтэй хүний авирыг тод томруунаар гаргаж чадсан. Үнэхээр мөнгөтэй болчихсон хүмүүс ганц удаа ч гэсэн “Би мөнгөтэй хүн, муусайн гуйлгачингууд” гэж хашгирахыг хүсдэг байх л даа. Тэр үед тагнуул туршуул их байсан болохоор мөнгөтэй хүмүүс ганцаараа байхдаа юм уу гэр бүлийнхээ хүрээнд л баян гэдгээ илгээх төдийгөөр “од” болох хүслээ илэрхийлдэг байж. 

Ардчиллын буянаар одоогийн бизнесмэнүүд харин тодрох хүслээ хэтэрхий гэмээр ил задгай гүйцэлдүүдэг болжээ. Гочоо “Эрийн тэнгэр тэтгэвэл” гэж дуулдаг байсан бол одоогийн бизнесмэнүүд “Ахиухан мөнгө атгуулвал эр хүн гэлтгүй эхийн алдар одон ч авах боломж байна” гэж дуулахаар болж. “Мөнгөн буйл”-ын Гочоо 14 хоногийн курсын сертификат цуглуулдаг шиг орчин үеийн бизнесмэн “икс” өргөмжлөл, баярын бичиг цуглуулдаг болсон. 

Гочоогийн цуглуулсан курсын сертификатууд өөрт нь хэрэг болоогүй, мань хүн өөрөө юу ч сураагүй шиг мөнгөөр авсан өргөмжлөлүүд нь бизнесмэнүүдийг сайн хүн болгохгүй нь дэндүү ойлгомжтой.

Гадаадад амьдарч байгаа нэг монгол эх орондоо байгаа хамаатнаасаа 2012 оны сүүлээр “Монголд дэлхий сүйрэх гэж байгаа юм уу” гэж асуусан гэдэг. Үүн шиг зарим нэг байгууллага өөрсдийгөө “Дэлхийн шилдэг” гэж зарлаж ч байх шиг. Арай ч хэтэрнэ ээ. 

Баярын бичиг, өргөмжлөл авсан ямар ч хүн баярладаг л байх. Үүнд буруу нь юу байх вэ. Харин “Монголын”, “дэлхийн” гэх мэт үгсийг хэрэглэхээ л больчихмоор байгаа юм. Авсан хүмүүс нь өөрсдөө хүнд үзүүлэхэд хэцүү болчихоод байна шүү дээ. Од болгох гээд ад болгохын үлгэр жил болгон л давтагдах юм даа.

Зураг