Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Хараа голын гүүр нурж, ЗИЛ-131 маркийн машин унасан. Жолоочийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Онцгой байдлын байгууллагад өчигдөр орон нутагт үер буусан тав, голд осолдсон нэг дуудлага иржээ.

Тодруулбал "Хараа" голын гүүр нурж, том машин унасан харамсалтай явдал болсон байна.

Энэ талаар "Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн 264 дүгээр точик “Хараа” голын гүүр нурж, гүүрэн дээгүүр зорчиж явсан ЗИЛ-131 загварын автомашин унаж жолооч болон автомашин алга болсон тухай дуудлагыг өчигдөр 22:49 цагт хүлээн авчээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид жолооч, 42 настай, эрэгтэйг “Хараа” голын уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа"-г ОБЕГ мэдээллээ.

ЦЕГ-ын ХМТ-өөс "Сэлэнгэ аймаг, Мандал сум Хараа голын модон гүүрээр гарч байсан ЗИЛ-131 маркийн автомашин гүүр нурж, иргэн Д автомашинтайгаа урсаж алга болсон мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагаа хийгдэж байна. хайх ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Тухайн иргэн аврах ажиллагаанд явж байжээ" гэв.

Үер:

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт хоёр гэр үерийн усанд автсан байсныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хараа голын эрэг”, Гонир багийн “Бургасан тохой”, “Шар шувуу” гэдэг газар долоон гэр, 4х2 метрийн хэмжээтэй нэг зөөврийн сууц, нэг автомашин, 100 хонь, зургаан тугал үерийн усанд автаж, 7 том хүн, 5 хүүхэд усанд боогдсон байсныг аюулгүй газарт гаргасан байна.

Мөн аймгийн Мандал сумын Тарни багийн “246 дугаар зөрлөг”, 5 дугаар багийн “Түнхэл тур” гэдэг газар иргэн Б-ын 6х3 метрийн хэмжээтэй зөөврийн сууц, Э, Б нарын 2 гэр үерийн усанд автсан байсныг нүүлгэн шилжүүлж нийт 71 том хүн, 18 хүүхдийг аюулгүй газарт гаргажээ. Тус сумын “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн төвийн шугамаас салаалсан 1 ш цахилгааны тулгуур багана үерийн усанд унасан байсныг сэргээн засварласан байна.

Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр, Баянгол  багийн 44 айлын гэр, 20 том хүн 66 хүүхэд үерийн усанд боогдсон байсныг Баянгол бага сургуулийн байр, Сөгнөгөр багийн байранд оруулсан байна. Тус сумын 2 дугаар багийн хоёр гүүр усанд автаж, нэг гэрлийн шон унаж, 4 дүгээр багийн хоёр гүүр нуржээ.

 

Эх сурвалж: ОБЕГ