Дэлхийн технологийн салбарын тэрбумтнууд болох Марк Закербэрг, Илон Маск нарын өрсөлдөөн шинэ шатанд гарах гэж байна.
Фэйсбүүк, Инстаграм зэрэг дэлхийн томоохон сошиал платформуудыг эзэмшигч Закербэргийн Мета компани Твиттертэй адилхан текст суурьтай сошиал платформыг зах зээлд нэтрүүлэхэд бэлэн болжээ.
Твиттерийг дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск өнгөрсөн оны аравдугаар сард $44 тэрбумаар худалдаж авсан юм.
Твиттерийн шууд өрсөлдөгч болох Мета компанийн Threads нэртэй шинэ аппликэйшн маргааш буюу Пүрэв гарагт зах зээлд гарахаар App Store дэлгүүрт бүртгэгдсэн нь өчигдөр тодорхой болжээ.
“Threads бол өнөөдрийн сонирхолтой сэдвүүдээс эхлээд маргааш трэнд болох бүх зүйлсийн талаар олон нийт нэг дор цугларан хэлэлцэх зориулалттай апп юм. Та юуг сонирхдогоос үл хамааран ижил санаа бодолтой бусад хүмүүстэй шууд холбогдох, эсвэл өөрийн үнэнч дагагчдыг бий болгох, өөрийн үзэл бодол, бүтээлч чадвараа дэлхий нийттэй хуваалцах боломжийг олгох болно” гэж шинэ аппликэйшний тодорхойлолтод дурдсан байна.
Метагийн шинэ үйлчилгээ Твиттер олон асуудалтай тулгараад буй цаг үед нээгдэх гэж байна.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Твиттерийн хэвийн ажиллагаа доголдож, Маск хэрэглэгчдийнхээ өдөрт унших жиргээний тоог хязгаарлах болсноо зарласан.
Threads аппликэйшн гарах гэж байгаа тухай мэдээнд Маск “Тэд эрүүл саруул ухаантай ажиллаж байгаад талархаж байна” гэж сошиал хуудсаараа хариу бичжээ.
Үүнээс өмнө Метагийн удирдлага өөрийнх нь тогтворгүй ааш авирын талаар ингэж ярьсныг тэр ийнхүү давтаж, ёжилсон бололтой.
Твиттерийг асар өндөр үнээр худалдаж авснаасаа хойш Маск ашигт ажиллагааны түвшнийг нь сайжруулах зорилгоор олон шинэчлэлт нэвтрүүлж байгаа.
Гэсэн хэдий ч үр дүн, зах зээлийн хариу үйлчлэл янз бүр байна.
Марк Закербэрг, Илон Маск нарын өрсөлдөөн удахгүй бизнесийн хүрээнээс хальж, гардан тулааны дэвжээнд гарах магадлалтай болоод байгаа.
Өнгөрсөн сард хоёр тэрбумтан халз тулааны талаар идэвхтэй ярьж, энэ салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдсаар байна.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|