Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

П.Орхон: Чөлөөт бөхийн холбоо ₮1.4 тэрбумын өртэй учраас тамирчдад дэмжлэг, туслалцаа үзүүлье гэсэн хүмүүс бараг айгаад зугтдаг

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тамирчдын төлөөлөл өнөөдөр "Монгол Ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгуулав. 

Энэ үеэр чөлөөт бөхийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанд явахдаа бүх зардал мөнгөө өөрсдөө хариуцаж, хувиасаа гаргадаг. Үүнээс гадна тив дэлхийд амжилт гаргаж ирсэн тамирчдадаа ямар ч шагнал урамшуулал өгдөггүй.

Тамирчдын маань зардал, урамшууллын мөнгө чухам хаана ямар дансанд байршдаг, тайлан мэдээлэл бүрхэг. Иймд данс тооцоог шилэн болгож, холбооны үйл ажиллагааг тодорхой болгохыг хүсэж байгаагаа тэд хэллээ. 

"Дэлхийн аваргын тэмцээнд оролцох зардлыг тамирчид өөрсдөө гаргадаг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон "Манай холбооны үйл ажиллагаа улам доройтож, муудсаар байна. Иймд холбооны үйл ажиллагааг өөрчилж, ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсээ сольё.

Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч нь тамирчидтайгаа уялдаа холбоогүй, бараа сүр нь харагддаггүй. Шинэ ерөнхийлөгч ажлаа аваад жил гурван сар өнгөрсөн.

Энэ хугацаанд тамирчдаа дэмжих, туслах, бэлтгэл сургуулилалтад хамтрах үйл ажиллагааг ганц удаа ч хийгээгүй.

Түүнчлэн тамирчдын бэлтгэлийг тайван хийлгэх нөхцөл боломжийг холбооноос хангаж өгөх ёстой байтал визийн олон удаагийн асуудал гарч байна. Гадаад руу тэмцээн уралдаанд явах тамирчдыг визэд нь оруулж чадахгүй хохироодог асуудал бий" гэлээ. 

Тэрбээр үргэлжлүүлэн "Дотоодын тэмцээний зохион байгуулалт ч муу. Чөлөөт бөхийн тамирчдыг хүйтэн заалд бэлтгэлийг нь хийлгүүлж, тэдний мандатын мөнгөөр улсын аваргаа зохион байгуулдаг. Энэ мэтчилэн нөхцөл байдал удаан үргэлжилж байна. 

Өнгөрсөн жил манайх эх орондоо ААШТ-ийг хүлээж авсан. Энэ бүхэнд Чөлөөт бөхийн холбооны төлбөр мөнгөний зарцуулалтын тайлан, мөнгө санхүү ил тод биш. Бидэнд байтугай багш нар, удирдах зөвлөлийн гишүүд ч юу болж байгааг нь мэддэггүй. Мэдээлэл очдоггүй. 

Одоогоор манай холбоо 1.4 тэрбум гаруй төгрөгийн өртэй. Үнэнийг хэлэхэд энэ их өрнөөс болоод тамирчдад дэмжлэг туслалцаа үзүүлье гэсэн хүмүүс бараг айгаад зугтдаг. Бидэнд тусалж дэмжье гэж сэтгэл гаргасан хүмүүсийн мөнгө өрөнд суутгагддаг учраас тэр. "Та нарт зориулсан мөнгө нь өмнөх өрийг чинь дараад дуусах юм уу. Тэгэхээр чинь та нарыг дэмжсэн болохгүй биз дээ" гэж манай холбооноос их зайгаа авдаг.

Тэмцээн уралдааны зардал бүр ч хэцүү. Өнгөрсөн жил бүр дэлхийн аваргынхаа замын зардлыг хүмүүсээс гуйж явсан. Таньдаг мэддэг хүмүүс, нутаг усныхнаасаа гуйдаг үзэгдэл нийтлэг болсон.

Тамирчдын эрүүл мэндийг хариуцах ёстой эмч байхгүй. Гадаад, дотоодод тэмцээнд оролцох үед бие өвдвөл дандаа гаднын эмч нарыг барааддаг. Бидний эрүүл мэндийг Чөлөөт бөхийн холбооноос дааж явж чадахгүй байгаа" хэмээн ярилаа. 

"Олон улсын тэмцээнд явах болгондоо чөлөөт бөхийн тамирчид ААН, байгууллагуудын үүд хаалгыг сахиад гуйлга гуйгаад явж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чөлөөт бөхийн дэлхийн аварга Т.Тулга "Дэлхийн дэвжээ, олимпын дэвжээнд тамирчид дор хаяж жил гуй хугацаанд бэлтгэл хийж оролцдог.

Чөлөөт бөхийн сорил тэмцээнийг наймдугаар сард зохион байгуулна гэж байна. Гэтэл есдүгээр сард нь дэлхийн аварга болох гэж байна. Нэг сарын хугацаанд дэлхийн аваргад бэлтгэж ордог түүх байхгүй. Ийм боломжгүй зүйлийг Чөлөөт бөхийн холбооноос яагаад гаргаж байна вэ.

Олон улсын тэмцээнд явах болгондоо чөлөөт бөхийн тамирчид ААН, байгууллагуудын үүд хаалгыг сахиад гуйлга гуйгаад явж байна. Уг нь бол улсаас тавьсан хөрөнгө, санхүү дээр нь манай холбоо өөрөө маркетинг хийгээд тултал дэмжих ёстой шүү дээ" гэв. 

Гадаадын тэмцээн уралдаанд оролцоод амжилт гаргаад ирэхээр холбооноос огт шагнал урамшуулал байхгүй. Дэлхийн аваргад эмэгтэй багаараа гуравдугаар байр эзлээд ирэхэд урамшуулал нь холбооны дансанд ороогүй гэсэн. Гэтэл өчигдрийн байдлаар ороод ирчихсэн байсан. Манай холбоо дэлхийн бөхийн холбоонд өртэй учраас тамирчдын амжилт урамшууллын мөнгийг өрөндөө суутгадаг асуудал бий. 

Ядаж тэмцээнд явахад нь зардал мөнгөөр туслахгүй юмаа гэхэд амжилт гаргахад нь тамирчдад шагнал урамшуулал өгмөөр байна.

Чөлөөт бөхийн холбоо 60 жилийн ойгоороо шагнаж урамшуулах өргөмжлөл, пайз өгсөн. 2021 оны шинэ жилээр 60 жилийн ой зохион байгуулахад тэдэн төгрөгөөр урамшуулав гэж бичсэн пайз өгөөд одоог хүртэл байхгүй гэж чөлөөт бөхийн тамирчид асуудлаа хэлж байр сууриа илэрхийлэв.