Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Өндөр төсөвтэй гадаадын кинонууд Монголд зураг авалтаа хийхээр болсон"

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 6 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл (КУЗ)-өөс өнөөдөр 76 дахь Каннын олон улсын кино наадамд оролцсон талаар мэдээлэл хийлээ.

Манай улсын уран бүтээлчид өнгөрсөн сард Каннын 76 дахь олон улсын кино наадамд ”Баавгай болохсон” киногоороо оролцоод ирсэн.

Каннын кино наадам нь дэргэдээ Marché du film буюу кино маркетыг давхар зохион байгуулдаг бөгөөд уг хэсэгт КУЗ-ийн ажлын алба олон улсын уран бүтээлчдийг татах, тэдний кино төслийн зураг авалтыг өөрийн оронд авхуулах зорилготойгоор оролцжээ. 

Манай улс кино урлагийг дэмжих тухай хуультай болсон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд кино зураг авалт хийхэд 500 мянган ам.доллар буюу түүнээс дээш хэмжээний санхүүжилттэй бол татварын буцаан олголт олгодог байхаар хуульд заасан байна. 

Үүний үр дүнд ирэх жилээс өндөр төсөвтэй гадаад кинонууд манай оронд зураг авалтаа хийхээр болжээ. Мөн яг одоо Японы ТBS телевизийн зураг авалтын баг хоёр сарын хугацаанд манай улсад ажиллаж байгаа аж. Энэхүү зураг авалтын баг нь өмнө нь Монголд орж ирж байгаагүй хэмжээний их хөрөнгө оруулалтыг оруулж байгаа юм байна.

КУЗ-ийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Г.Номин-Эрдэнэ "Монгол Улсынхаа дэд бүтэц, хууль эрх зүй, байгаль зэргийг гадаадын уран бүтээлчдэд сурталчилж үр дүнд хүрч чадсан явдал нь кино урлагаар дамжуулан улсынхаа эдийн засгийг дэмжихээс гадна Монгол орныхоо байгалийг сурталчилчих, аялал жуулчлалаа өргөжүүлэх гэх мэт олон төрлийн ач холбогдолтой болж байна" гэлээ.

Мөн Азийн зарим орон нийлэн "Asian film alliance network" холбоог байгуулсан бөгөөд тус холбоо нь ази киног олон улсын зах зээлд хамтарч таниулах зорилготой аж.

“Баавгай болохсон” кино нь арванхоёрдугаар сараас Францын кино театруудаар гарахаар болжээ.