Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

О.Болд-Эрдэнэ: Жюү жицүгийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг долдугаар сарын 14-20-нд Улаанбаатарт зохион байгуулна

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Зургийг спорт хорооноос авав.

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн 20 дахь удаагийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) долдугаар сарын 14-20-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар болжээ. Тус тэмцээний зохион байгуулалтын талаар Монголын жюү жицүгийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ өчигдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "2022 оны дөрөвдүгээр сард Олон улсын Жюү Жцүгийн холбооноос 20 дахь удаагийн ДАШТ-ийг манай оронд зохион байгуулах эрхийг өгсөн. "Хамтдаа бүтээцгээе, Хамтдаа хийцгээе, Хамтдаа хичээцгээе" гэх уриатай энэ удаагийн тэмцээнд 60 гаруй орны 1,000 орчим тамирчин

  • насанд хүрэгчид,
  • мастер,
  • пара гэсэн ангиллаар өрсөлдөнө. 

Тэмцээний бэлгэдлээр Shogi нэртэй шонхор шувууг сонгосон бөгөөд тамирчдын медалийг Улаанбаатар хотоо таниулсан загвартайгаар хийж байгаа. Тус ДАШТ "Степпе арена"-гийн гурван дэвжээн дээр явагдана" гэлээ. 

Тэмцээнд оролцох тамирчид долдугаар сарын 12-13-нд манай улсад ирнэ. Долдугаар сарын 15-нд хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын болон мастерс буюу 35-40, 40-45, 45-50, 50-аас дээш насны ангиллын ДАШТ зохион байгуулагдана. 

Жюү Жцүгийн насанд хүрэгчдийн үндсэн ДАШТ нь долдугаар сарын 16-20-нд зохиогдож дуусах юм байна.

Тэмцээн өндөрлөсний дараа буюу долдугаар сарын 21-нд Чингисийн хүрээ цогцолборт олон улсын тамирчдад үндэсний өв соёлоо танилцуулах арга хэмжээ болно. Монголын жюү жицүгийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ "Үндсэндээ бэсрэг наадам зохион байгуулахаар төлөвлөж байна. Эх орноо сурталчлан таниулах үүднээс дээрх ажлыг зохион байгуулж байгаа юм.

ДАШТ-ий үеэр Монголын Жюү жицүгийн холбоотой хамтарч ажиллах байгууллага, компаниудтай нээлттэй. Гурван дэвжээ болон тамирчдын хувцас хэрэглэл зэрэг зүйлс дээр компаниуд өөрсдийн лого сурталчилгааны самбарыг байршуулах боломжтой" хэмээн ярив.

зураг
 
Зургийг mjjf.mn-ээс авав.