Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн 1,000 гаруй барилгын газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг үнэлэхэд 500 нь тааруу үнэлгээ авчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулах асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Газар хөдлөлтийн давтамж, чичирхийлэл Улаанбаатар хотод жил бүр нэмэгдсээр байна. Газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх, эрсдэлийг бууруулах нь нийслэлийн хэмжээнд маш чухал байгааг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэллээ.

Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд цугларах 192 талбай байдаг. Зургаадугаар сарын 8-ны 16:00 цагт зарлан мэдээллийн дохиогоор иргэдийг эдгээр байршилд цуглуулах юм.

Нийслэлийн төр, захиргааны удирдах албан тушаалтнууд, дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын байгууллагынхан иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх талаар богино хэмжээний зааврууд өгөх, улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнуудад анхан шатны тусламж үзүүлэх хэрэгслийг талбайд байршуулан ажиллана.

Цагдаагийн байгууллагын албан хаагчид түр талбайд цугларсан иргэдийн аюулгүй байдлыг хангана.

Хорооны болон СӨХ-ны ажилтнууд цугларах 192 талбайн байршил, цугларах цагийг иргэдэд мэдээлэх үүргийг гүйцэтгэнэ" гэв.

Нийслэлд нийт 30,000 байшин барилга байдаг. Үүнээс 2003 оноос өмнө баригдсан барилгуудын газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ одоо мөрдөгдөж буй стандартаас өөрөөр хийгдсэн. Жил бүр барилгыг паспортжуулах ажлыг нийслэлийн төсвөөр хийдэг. Одоогийн байдлаар 1,000 гаруй барилгад газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийснээс 500 нь тааруу үнэлгээ авчээ.

2013 оноос хойш баригдаж байгаа барилга гурван төрлийн хяналтыг давдаг байна. Тодруулбал захиалагчийн, зохиогчийн, төрийн хариуцсан байгууллагын хяналтыг давж ашиглалтад оруулдаг аж.

Барилга, байшингийн хийц загвар, бүтээцийг өөрчилж, үйлчилгээний зориулалттай болгосон аюултай зөрчил илэрчээ. Ийм тохиолдолд арга хэмжээ авч, барилга байшингийн хийц, бүтээцийг буцаан сэргээх юм байна.