Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгт гарсан галт тэрэгний осол сүүлийн 20 жилийн хугацааны хамгийн их хохиролтой осол боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт зүүн Энэтхэгийн Одиша мужийн нутагт гарсан галт тэрэгний ослын улмаас амиа алдсан хүний тоо 288 хүрлээ.

Үүнээс гадна бэртэж гэмтсэн хүний тоо 800 даваад байгаа юм.

Хоёр өөр чиглэлийн зорчигч тээврийн цуваа нэг ачааны цуваатай мөргөлдсөн нь ийм олон хүний амь хохироход хүргэсэн байна.

Галт тэрэгний цуваанд дарагдсан хүмүүсийг аврах, амиа алдагсдын цогцсыг гаргах ажиллагаа Бямба гарагт дууссан тухай албаныхан мэдээлжээ.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр ослын газартай биеэр танилцсан байна.

Тэрбээр хохирогчдын төлөөлөлтэй уулзахдаа засгийн газраас шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлэхээ амлажээ.

Мөн осолд буруутай этгээдүүдийг олж шийтгэхээ мэдэгдсэн байна.

Ослын шалтгааныг мөрдөн шалгах ажил эхэлсэн бөгөөд одоогоор техникийн доголдлоос болсон гэх урьдчилсан дүгнэлттэй байна.

Мөргөлдсөн галт тэрэгнүүд нийтдээ 2,000 орчим зорчигчийг тээвэрлэж байжээ.

Энэ удаагийн осол нь Энэтхэгийн төмөр замд сүүлийн 20 орчим жилд гарсан хамгийн их хохиролтой осолд тооцогдож байна.

Өмнө нь тус улсад гарч байсан томоохон ослуудыг дурдвал:

  • 1981 онд далайн шуурганы үеэр долоон вагон голд унаснаас 800 орчим хүн амь үрэгдэж байв.
  • 1995 онд нийслэл Делигээс 200 км зайд хоёр цуваа мөргөлдөхөд 350 хүн амь үрэгдсэн.
  • 1999 онд Кольката хотын ойролцоо хоёр цуваа мөргөлдөхөд 285 хүн амь үрэгдэж байв.
  • 2005 онд Андра Прадеш мужид галт тэрэгний цуваа замаасаа гарснаас 77 хүн амь үрэгджээ.
  • 2016 онд Канпур хотын ойролцоо галт тэрэгний цувааны 14 вагон замаасаа гарахад 150 орчим хүн амь үрэгдэж байжээ.

Энэтхэг нь дэлхийн хамгийн том төмөр замын сүлжээтэй орнуудын нэг бөгөөд өдөр бүр олон сая хүн зорчдог.

Гэхдээ төмөр замын дэд бүтэц нь хуучирч муудсан тул шинэчлэх шаардлагатай байдаг юм.

 

Эх сурвалж: BBC