Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын арми Вагнерын хүмүүсийг устгах зорилгоор бөмбөг тавьсныг илрүүлснээ Пригожин ярьжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн тэргүүн ОХУ-ын батлан хамгаалах яамны удирдлагуудыг янз бүрийн зүйлд буруутган шүүмжлэхээ зогсоохгүй байна.

Өчигдөр тэр Вагнерын хөлсний цэргүүдийг устгах урхи тавьсан хэрэгт Оросын зэвсэгт хүчнийг буруутгажээ.

Евгений Пригожиний хөлсний цэргүүд Украины Донецк мужийн Бахмут хотыг эзлэх тулаанд гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Одоо тэд Бахмутын байрлалуудаа Оросын албан ёсны армид шилжүүлээд хотоос гарч байгаа.

Баасан гарагт Телеграм хуудсаараа мэдээлэхдээ Пригожин өөрийнх нь цэргүүдийн буцах замд олон зуун тэсрэх бөмбөг байрлуулсан байсныг илрүүлснээ мэдээлжээ.

Ямар зорилгоор ийм урхи тавьсныг орон нутгийн албан хаагчдаас асуухад “дээрээс өгсөн тушаал” гэж хариулсныг тэр бас хэлсэн байна.

“Энэ газар нь фронтын шугамын гүн ар тал тул дайсны эсрэг ийм арга хэмжээ авах шаардлага байхгүй. Тиймээс бид үүнийг Вагнерын хүмүүсийг устгах зорилготой гэж үзэж байна” гэж Пригожин ярьжээ.

Азаар ганц ч бөмбөг дэлбэрээгүй, хүний амь эрстээгүй гэнэ.

Өчигдөр Украины нийслэл Киев хот зургаа дахь өдрөө дараалан Оросын агаарын довтолгоонд өртсөн бол Украинтай хил залгаа ОХУ-ын Белгород мужид тулаан ширүүсэж, нутгийн иргэд олноороо дүрвэсэн тухай мэдээ ирж байна.

Тухайлбал Украины хилд ойр оршдог Шебекино тосгоноос мужийн төвд дүрвэж ирсэн 2,500 орчим хүнийг түр суух байр, хоол хүнсээр хангаснаа Белгород мужийн захирагч Вячеслав Гладков мэдээлжээ.

Дээрх тосгон их бууны цохилтод өртөх үеэр хоёр энгийн иргэн алагдсаныг тэр өмнө нь мэдээлсэн юм.

Шебекино тосгоноос иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил маш хүнд нөхцөлд үргэлжилж байгааг тосгоны захирагч Владимир Жданов хэвлэлд ярьсан байна. Энэ үед ОХУ-ын батлан хамгаалах яам Белгород мужийн нутагт халдсан зэвсэгт бүлгүүдийг хилээр буцаан гаргаснаа мэдээлж байв.

Баасан гарагийн шөнө Киев хот руу Оросын талаас 15 пуужин, 21 дроноор довтолжээ. Энэ үеэр хоёр хүн шархадсан байна. Өнгөрсөн сараас эхлэн Оросын тал Украины хотуудад өгөх агаарын цохилтоо эрс нэмэгдүүлээд байгаа. Энэ нь удахгүй эхлэх Украины армийн сөрөг давшилтын хүчийг сулруулах зорилготой гэж ажиглагчид дүгнэж байна.

 

Эх сурвалж: Reuters