“Хурд” хамтлаг 30 жилийн ойн хүрээндээ хийж буй ажлууд болон удахгүй болох тоглолтынхоо талаар өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд мэдээлэл өглөө.
Тодруулбал, “Хурд” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт энэ сарын 10-ны өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна.
Хамтлагийнхны зүгээс шүтэн бишрэгчдэдээ зориулан “Хурд” нэртэй шар айраг болон зун, намар, өвөл, хаврыг бэлэгдсэн дөрвөн ширхэг пянз, бүх цомгоо багтаасан CD-ны цуглуулга, хамтлагийн нэрийн бараануудыг гаргаж байгаа аж.
Тоглолтынхоо дараагаар тэд есдүгээр сар хүртэл хөдөө орон нутгуудаар аялан тоглолт хийхээр болжээ.
Түүнчлэн ирэх намар тавигдах “Чи минь байгаа болохоор” мюзикл, дараа жилийн гуравдугаар сарын 8-ны өдөр нээлтээ хийх “Бүсгүй” уран сайхны кино зэргийг хийхээр төлөвлөж, ажилдаа ороод байгаа юм байна.
"Хурд" хамтлаг энэ жилийн ойн баяраа “Эрүүл ойн төлөө” гэсэн уриалга дор тэмдэглэж байгаа бөгөөд "Rio Tinto" группийн зүгээс хэрэгжүүлж буй 1.1 тэрбум модыг аврах төсөлтэй хамтран ажиллахаар болжээ.
Уг төслийн хүрээнд Монгол Улсын ногоон ирээдүйг хамгаалах зорилгоор хортон, хөнөөлт шавжид идэгдэн үхэх аюулд хүрсэн моддыг газраар болон агаараар эмчилж, эрүүлжүүлэх ажлыг хийх аж.
"Хурд" хамтлаг нь 30 жилийн турш эх орны тухай дуулсан учраас хамтран ажиллахаар болсон гэдгийг төслийг зохион байгуулагчид онцолж байсан юм.
Тоглолтын гэрэл болон дууны техник дээр Metallica, Guns`N Roses зэрэг хамтлагийн тоглолт дээр ажиллаж байсан франц инженерүүд ирж ажиллахаар болсон бол ерөнхий найруулгыг On&Off продакшний найруулагч Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн С.Ононбат хийх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!