Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

Захын дүүргийн хүүхдүүдэд ТОГЛОХ ЭРХ бий юу?

ikon.mn
2023 оны 6 сарын 1
Сурталчилгаа

Өнөөдөр бол “Хүүхдийн Баяр”. Энэ өдрүүдэд бид хайртай үрсээ баярлуулахын зэрэгцээ тэдний сурч боловсрох, тоглож наадах орчинд нэг анхаарлаа хандуулж, сайн муугаа дэнсэлбэл зүйтэй болов уу.

Иймд гадна талбайн хүүхдийн тоглоомын талбай, спорт талбай, чийрэгжүүлэх талбай бүтээдэг АРАЛ брэндийн үүсгэн байгуулагч Б.Хоролмаатай ярилцлаа. Тэрбээр 4 хүүхэдтэй алдарт эх бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд 1000 гаруй талбайг тохижуулах ажлыг баг, хамт олноороо амжилттай гүйцэтгэжээ.


- Хүүхэд бүр тоглох эрхтэй. Гэтэл энэ эрх зөрчигдөж байгаа эмгэнэлтэй тохиолдлуудтай бид олонтоо нүүр тулсан. Энэ өдөр баярын өдөр ч гэсэн бид анхаарах ёстой асуудлуудаа дэлгэн тавьж, шийдэл бүхий дуу хоолойг нийгэмд хүргэвэл зүйтэй болов уу.  Манай улсад ТОГЛОХ ЭРХ хаана зөрчигдөж байна вэ?

Баярын өдөр манай байгууллагыг сонгон, ярилцсанд баярлалаа. Өнгөрсөн хугацаанд бид томоохон хотхон хорооллын тоглоомын талбай, олон улсын байгууллагуудын тусламжаар захын хорооллын дүүргүүдэд иж бүрэн талбай тохижуулахаас эхлээд зуслан, хашаандаа, байрныхаа гадаа талбай тохижуулах зорилготой олон харилцагчидтай хамтран ажиллалаа.

Эл туршлагуудаа харахад гэр хорооллын бүсэд тоглоомын талбайн хүртээмж туйлын дутмаг байгаатай бид байнга нүүр тулдаг. Хүүхдүүд тоглоомын талбайд очиж, савлуур, гулсуураар тоглохын төлөө эсвэл зориулалтын сагсны талбайд очиж тоглохын төлөө багадаа 3-5 км замыг явган туулна. Ингэхдээ нохойд уруулах, согтуу хүмүүстэй тааралдах, дээрэлхүүлэх зэрэг эрсдэлүүдтэй нүүр тулдаг тухайг бид өөрсдөөс нь сонсдог.   Энэ чиглэлийн судалгаа, шинжилгээг мэргэжлийн байгууллагаар нь хийлгүүлж чадаагүй ч гэсэн тоглоомын талбай, спорт талбай  тохижуулах үед хүүхдүүд бидэн дээр ирж, бөөн баяртайгаар талбайгаа хамтран босгодог. Энэ үед л шинэ талбай бий болох хүртэл хүүхдүүд тоглох эрхээ эдлэхийг төлөө юу даван туулдгийг мэдэж авдаг даа. Тоглох эрх яг энд л ноцтой зөрчигдсөөр байна.

зураг
 

Тоглох эрх гэдэг зүйлийг нийгэм тэр чигээрээ сайтар хайхардаггүй санагддаг. Мэдээж олон хүчин зүйлс нөлөөтэй ч гэсэн бид аль болох тоглоомын талбайн хүртээмжийг нэмэгдүүлэх, амьдралын ялгаатай нөхцөл байдлаас үл хамааран хүүхдүүдийн эрүүл мэнд, бие бялдар, оюун сэтгэлгээний хөгжилд ээлтэй тоглоомын талбайг харилцагч, захиалагч нартайгаа хамтран бүтээхийг эрмэлздэг.

- Боловсролын тал дээр Зайсангийн сургуулийн хүүхэд Долоон буудлын сургуулийн хүүхэд 2 эрс ялгаатай орчинд, ялгаатай боловсролыг хүртэж, ялгаатай иргэд болж байна гэж хүмүүс их ярьдаг. Тоглоомын талбайн хувьд энэ байдал хэр ялгаатай вэ?

Энэ нөхцөл байдал 100% ижил. Товчоор бид энэ зүйлийн эсрэг л өөрсдийн чадах хэмжээнд тэмцэж байна. Үнэтэй хотхонууд харьцангуй төлөвлөлт сайтай, тоглоомынхоо чанар, үзэмж, эдэлгээнд анхаарч материал хийцээ сонгодог. Наранд хэт халдаггүй, өнгө нь хувирдаггүй, хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй, хотхоны загвартай ижилсүүлж өнгө, загвараа захиалах зэрэг олон дэвшилтэт технологи бүхий тоглоомууд олон улсын зах зээлд дэлгэрсээр байна. Бид ч үүнтэй хөл нийлүүлэн алхаж, олон улсын үзэсгэлэн, яармагаас хоцрохгүйг хичээж боломжтой харилцагч нартаа хамгийн сүүлийн үеийн тоглоомын талбайн шийдлүүдийг санал болгодог.

зураг
 

Гэтэл гэр хорооллын бүсэд босож буй талбайн төсөв санхүү, зөвшөөрөгдсөн талбайн хэмжээ аль аль нь маш бага. Иймд бид тоглоомыг аль болох үйлдвэрийн үнээр нийлүүлэх, зарим тохиолдолд хүргэлт, угсралтын үйлчилгээгээ нийгмийн хариуцлагын хүрээнд гүйцэтгэх зэргээр тоглоомын талбайн хүртээмжийг нэмэгдүүлэх, долоон буудлын хүүхэд зайсангийн хүүхэдтэй ижил тоглоомон дээр тоглодоггүй юм аа гэхэд ижил стандарттай буюу шаардлага хангасан талбайд тоглоосой гэсэн философио баримталж ажилладаг.  Тоглох эрх гэдэг үнэтэй тоглоомон дээр тоглох гэсэн үг биш дор хаяж аюул осолгүй яваад оччих газарт байрласан стандарт хангасан талбайд  тоглохыг хэлнэ.

Гэр хорооллын бүсийн бас нэг том асуудал нь хулгай. Ойр орчны хүмүүс хаалга, хашаа, хогийн савыг нь аваад явчих асуудал энүүхэнд. Савлуурын гинж, сагсны шид-ний цагаргийг нь хүртэл авчихсан байдаг. Тэгэхээр энд эзэн, өмчлөгчийн хараа хяналт сайтар ажиллаж байж талбайгаа хадгалж үлдэнэ. Энэ асуудлыг бүрэн шийдэж чадахгүй байгаа ч шинэ талбайгаа нээж жижигхэн баяр хийж, цугласан хүүхэд хөгшид, ирсэн хүмүүстээ талбайгаа хайрлаж, харж хандахыг захидаг. Эвдэрч гэмтсэн тохиолдолд үйлдвэрийн үнээр нөхөн сэргээх боломж бас манайд байдаг.

- Тэгэхээр тоглоомын талбайг бид яаж төлөвлөх хэрэгтэй вэ? Эсвэл аль хэдийн эвдэрч, хэмхэрсэн тоглох боломжгүй талбайгаа бид яаж засаж сэлбэж авах вэ?

Тоглоомын талбай гэхээр ихэнх хүний ойлголтоор нэг гулсуур, савлуур гэж харах гээд байдаг. Анхнаасаа зөв зохистой төлөвлөлт хийгээгүйн улмаас мэргэжлийн хяналтынханд барилгаа хүлээлгэж өгөхийн тулд гэнэт л тоглоомын талбай байгуулах хэрэгтэй болсноо ойлгосон хүмүүс манайх руу их ханддаг. Бид  аль болох харилцагчийнхаа нөхцөл байдлыг сайтар судалж, боломжит талбайн зураг гаргаж, талбайн стандарт, олон үйлдэлтэй тоглоомын сонголт, магад тухайн хорооллын өнгө төрхтэй ижилсэх загвар хийцтэй талбай бүтээж өгөхийг хичээдэг. Энэ нь тоглоомын талбайн аюулгүй ажиллагааг хангаж, болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж байгаа хэрэг.

Хажууханд нь машин зам байдаг бол хашлага, хашаа заавал суурилуулах, замын хажууд тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах гэх мэт зүйлсийг хүмүүс ихэвчлэн мартдаг. Нэг том тоглоом байрлуулахаас илүү тухайн төсвөөрөө 2-3 салангид тоглоом сонгох нь заримдаа оновчтой байдаг. Захиалагч бүрийн нөхцөл байдал, бололцоо, байршил өөр байдаг учраас бидэнтэй холбогдоод зөвлөгөө авч болно. Ямар ч үнэ төлбөргүй. Нэг ч гэсэн талбай стандартын дагуу босоход бид баяртай байх болно.

Харин эвдэрсэн талбайн хувьд анхны төлөвлөлт оновчтой хийгдсэн байвал ижил төстэй эд ангиудаар нөхөн сэргээх, энгийн нэг гэмтэл байвал манай инженерүүд засвар хийж сэргээж болно. Дахиад л төлөвлөлт, ажлын зөв зураглал хэрэгтэй.

зураг
 

- Тоглоомын талбайн аюулгүй байдал, эрсдэл гэдэг үгс их дурдагдаж байна. Үүний талаар дэлгэрүүлж яривал…

Онлайн худалдаа эрчимтэй хөгжиж, хүмүүс өөрсдөө тоглоомоо гаднаас захиалах боломж элбэг болсон цаг. Энэ тохиолдолд юунд илүүтэй анхаарах вэ гэхээр үйлдвэрийн дүрмийн дагуу тоглоомын суурилуулалт буюу бэхэлгээг хийх. Тоглоомд дагалдаж ирж буй нэг эрэг шураг, шрүпийг л дутуу угсарвал энэ том эрсдэл. Зөв угсрагдсан тоглоом л таны анх захиалахдаа авсан мэдээлэл бүхий даац, эдэлгээ, чанарыг хангаж чадна. Манайхан аливаа зүйлсийг ном журмынх нь дагуу угсарч, хэрэглэхэд асуудал үүсвэл монголчлох гэдэг арга хэрэглэх гээд байдаг. Бидний хувьд хүүхдүүдийн эрүүл мэнд, амь настай холбоотой зүйлд эрсдэл үүсэх вий гэхээс эмээдэг учраас энэ аргаас зайлсхийдэг. Бусад хүмүүс ч бас наад захын эрсдэлийг тооцон, тоглоомыг угсрахдаа үйлдвэрийн зааврыг 100% мөрдөх хэрэгтэй. 

Нэгдүгээрт, анхнаас нь зөв угсрах, суурилуулах л гэсэн үг. Бидний хувьд 10 гаруй жил ажиллаж байгаа учраас манай инженерүүд харьцангуй туршлагатай. Бид талбайг хүлээлгэж өгөхдөө ахлах инженерийн давхар хяналт хийдэг. Хоёрдугаарт, зарим талбай дээр гулсуур нь хөдөлгөөн орчихсон, бэхэлгээ нь суларчихсан байхад хүүхдүүд эрчтэй гулгаж, ээж аавууд хараад сууж байдаг. Магад таны хүүхэд гулгаагүй ч гэсэн юу болохыг хэн ч таашгүй. Иймд жижигхэн ч атугай аюулгүй байдал алдагдсан байвал СӨХ эсвэл хариуцагчид нь мэдэгдэн олон олон хүүхдийн амь нас, эрүүл мэндэд анхаарал хандуулдаг байхыг уриалмаар байна.  Гуравдугаарт, ээж аавууд насанд нь тохироогүй үйлдэлтэй тоглоом дээр хүүхдээ албаар тоглуулдаг. 6-аас дээш насныхан гулгах зориулалттай тунелэн урт гулсуур дээр 1, 2 настай хүүхдүүдийг гулгуулж харагддаг. Ээж нь тосоод авъя, зоригтой бай гулга, сонсож байсан үг байгаа биз.

Том тоглоомууд яагаад 3 өөр гулсууртай байдаг вэ? Энэ бол насны ангилалд нь зориулсан хэв маяг. Гэтэл ээж, аавууд өөрсдөө аюултай нөхцөл байдал үүсэх эхлэлийг нь тавьдаг. Иймээс хүүхдийнхээ тоглож буй талбай, тоглоомын бүрэн бүтэн байдал, насанд нь тохирох эсэхийг шалгаж тоглуулах хэрэгтэй.  Тоглох эрх гэхээр мэдээж зөвхөн тоглоомын талбайн тухай биш, ээж аавууд ч бас хүүхдийн энэ эрхийг хүндэтгэн цаг заваа зориулах хэрэгтэй.

- Хүүхдүүд гадаа тоглоомын талбайд тоглосноор ямар үр дүнг бий болгодог вэ? Тоглоомын талбай бүтээдэг хүмүүсийн нүдээр бас өөр өнцөг байж магадгүй юм…

Гадна талбайн тоглоом гэртээ тоглох тоглоомоос эрс ялгаатай. Хүүхдүүд гэртээ өөрийн хүслээр, өөрөө удирдаж тоглох боломжтой байдаг бол гадаа талбайд нийгмийн харилцаанд орох буюу хамтарч тоглох, ээлж дарааллаа хүлээх, бусдыг хүндэтгэх, буулт хийх, олонхын эрх ашгийг хүндэтгэж сурдаг. Бид талбайгаа босгочхоод хэсэг ажигладаг. Хүүхдүүд тоглоомын аль үйлдэл дээр бөөгнөрч дараалал үүсгэж байна, аль хэсэгт тоглохгүй байна. Том гулсуур, авирдаг тоглоом, дамждаг шатыг хүүхэд анх хараад би чадахгүй гэж бодно. Оролдож үзээд, бартаа саадыг даваад гарсны дараа өөрөөрөө бахархах мэдрэмж авч байгаа нь ажиглагддаг. Цаашлаад хүүхэд аав, ээжтэйгээ хамт тоглохоороо илүү өөртөө итгэлтэй харагддаг. Энэ нь амьдралынх нь мартагдахгүй дурсамж болж үлддэг.

Бид 5 сараас эхлэн  Сансарын РЦНК-ийн талбайд “Мөрөөдлийн АРАЛ” тоглоомын төв, үзэсгэлэн худалдааг явуулж байна. Тэнд тоглож буй хүүхдүүдийг анзаарахад нэг хүүхэд эхэндээ 1-2 тоглоомыг л сонгож тоглодог. Тухайн тоглоом нь сэтгэлзүйн хувьд өөрийг нь татаад дурсамж үлдээж буй хэлбэр юм. Хоёр настай хүүхэд эхлээд пүрштэй тоглоом дээр тоглож байснаа гулсуур дээр тоглож үзсэний дараа пүрштэйгээ ойшоохоо больдог. Сэтгэлзүйн айдсаа өөрийнхөөрөө даван туулж буй хэлбэр. Гадаа тоглож байгаа хүүхдүүдийн хувьд өвчлөл эрс бага байдаг. Өдөрт 1-3 цаг гадаа талбайд тоглож байвал олон талын ач холбогдолтой.

зураг
 

Амьтны хүрээлэнд хийсэн судалгаагаар бамбаруушийг өдөрт тоглох цагийг 1%-иар нэмэгдүүлэхэд тухайн бамбаруушийн байгальд шалгарч үлдэх хувь нь 18-аар нэмэгдэж буйг тогтоосон байдаг.  Энэ бол миний хувьд хүүхдийн тоглоомтой холбож ярих дуртай судалгааны жишээ.

- Энэ бүхнийг ярилцсаны дараа танай АРАЛ гэдэг нэр их онцгой санагдлаа.

зураг
 

Тийм ээ… Манай уриа бол “Мөрөөдлийн АРАЛ-аа хамтдаа бүтээе”.  Хүүхдүүдийн нүдээр бид магадгүй шидтэн. Учир нь бидний бүтээж буй тоглоомын талбай хүүхдүүдийн мөрөөдлийн газар нь. Үргэлж инээд хөөр, баяр баясал цацардаг газар. Энд хүүхдүүд өөрсдөө дүрмээ зохиож, хийсвэрлэж, яаж л бол яаж тоглодог. Иймээс АРАЛ гэдэг нэрдээ бид дуртай.

Манай байгууллага загвар хийц, материал, хэмжээний хувьд маш олон төрлийн загварын тоглоомуудыг зах зээлд нийлүүлж байна. 6 үйлдвэртэй хамтран ажилладаг учраас бэлэн тоглоом, тоног төхөөрөмжүүдээс гадна маш олон сонголтоос захиалга авах, захиалагчийн хүсэлтийн дагуу шинэ өнгө, загвар гаргаж үйлдвэрлүүлэх боломжтой. Эхэнд талбайн зургаа гаргаж, оновчтой төлөвлөлт хийнэ. Захиалсан тоглоомоо ирэхээр нь өөрсдөө хүргээд угсраад, хүлээлгэж өгдөг. Эвдрэл гэмтэл үүсвэл үйлдвэрийн үнээр нөхөн сэргээдэг.  Манай www.aral.mn цахим хуудас руу хандвал бэлэн тоглоомуудын дэлгэрэнгүй мэдээлэл бүгд бий.

Мөн бид өнөөдөр “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан Сансарын РЦНК-ийн үзэсгэлэн дээрээ “Мөрөөдлийн АРАЛ” хүүхдийн баярыг 11-16 цагийн хооронд зохион байгуулж байна. Хүүхдүүд 30 гаруй тоглоом дээр ханатлаа тоглох, буухиа тэмцээнд орж бэлэг авах, ирсэн хүүхэд бүр сугалаанд хамрагдаж 10 ширхэг супер азтаны нэг болох, үлгэрийн баатруудтай зургаа даруулах гэх мэт хөтөлбөрийг хүүхдүүддээ бэлдсэн. Ямар ч таксгүй.

зураг
 

Энэхүү ярилцлагаар бид хүүхдийн тоглох эрхийн талаар анхаарвал зохистой сэдвээр ярилцлаа. Тоглоомын талбай байршлын хувьд хүртээмжгүй, тоглоомын хувьд ялгаатай байгааг олон жишээгээр ярилцлаа.

Бид хүүхдүүдийнхээ боловсролд анхаардаг шигээ тэднийхээ тоглоомын талбайн орчин, стандарт, аюулгүй байдал, хүртээмжид ижил тэнцүү анхаарах хэрэгтэй гэдэгт уншигчид маань санаа, сэдэл авсан гэж найдаж байна. Та бүхний цаашдын АРАЛ бүтээн байгуулах үйлсэд амжилт хүсье. Ирэх жилийн “Хүүхдийн Баяр”-аар тоглох эрхийн тухай олон сайхан эерэг өөрчлөлт бий болно гэдэгт итгэж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.