Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

Унагасан гар утсаа авахын тулд усны нөөцийн даланг хоосолсон Энэтхэгийн төрийн албан хаагч торгуулжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн төрийн албан хаагч сэлфидэж байхдаа ус нөөцлөх даланд гар утсаа унагаж, дараа нь утсаа олж авахын тулд их хэмжээний усыг сүйтгэсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Хүнсний аюулгүй байдлын байцаагч ажилтай Ражеш Вишвасыг энэ үйлдлийн төлөө албан тушаалаас нь түдгэлзүүлээд байсан юм.

Тэгвэл түүнийг албан тушаалаа хэтрүүлэн ашигласанд буруутгаж,  53,092 рупигээр ($650) торгох болсноо Энэтхэгийн төв бүсийн Чхаттисгарх мужийн захиргаа өчигдөр мэдээлжээ.

$1,200-ын үнэтэй Самсунг гар утсанд нь албаны чухал материал хадгалагдаж байсан тул зайлшгүй олж авах шаардлагатай байсныг Вишвас тайлбарлаж байсан гэдэг.

Гэсэн ч нутгийн хүмүүсийг дайчлан хоёр өдөр ажиллуулж, олон сая литр усыг шавхсаны дараа гаргаж авсан гар утас нь ажиллахгүй болсон байжээ.

Вишвас орон нутгийн усны нөөцийн албанаас амаар зөвшөөрөл авсан гэж мэдүүлсэн юм. Харин усны албаныхан далангийн усыг ийм их хэмжээгээр хоосолно гэж бодоогүйгээ сүүлд тайлбарлажээ.

Вишвасын буруутай үйлдлийн улмаас даланд хуримтлагдсан байсан 4.1 сая литр усыг дэмий үрсэн юм.

Энэтхэг улсын ихэнх нутагт зуны улиралд ган гачиг нүүрлэж, усны хомсдолд ордог. Вишвасын сүйтгэсэн усаар их хэмжээний тариалангийн талбайг услах боломжтой байжээ.

 

Эх сурвалж: The Guardian