Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Ариёши: "Их долоо"-гийн бүлэг ОХУ-д тавих хоригоо чангаруулж, Украинд дэмжлэг үзүүлэх болно

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Хирошима хот, Япон улс

“Их долоо"-гийн бүлгийн удирдагчид тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд Япон улсын Хирошима хотод чуулах гэж байна.

Уулзалтад Австрали, Бразил, Энэтхэг, Өмнөд Солонгос, Күүкийн арлууд, Индонез, Коморын арлууд болон Вьетнам улс урилгаар оролцох юм. Үүний дээр Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан зэрэг байгууллагууд уулзалтад оролцож, олон улсын харилцааны нөхцөл байдлыг дүгнэж, оновчтой шийдлийг тодорхойлохоор төлөвлөж байна.

Дээд хэмжээний энэхүү уулзалтыг сурвалжлуулахаар Япон улсын Засгийн газраас Монгол, Казахстан, Аргентин, Филиппин, Күүкийн арлууд, Мексик, Шри Ланк, Өмнөд Африк, Турк, Саудын Араб улсаас тус бүр нэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчийг урьж ажиллуулж байгаа юм. Монгол Улсаас iKon.mn сайтын сэтгүүлч энэхүү олон улсын томоохон арга хэмжээнд уригдаад байна.

Япон улсын Гадаад Харилцааны Яамнаас өчигдөр дээр дурдсан улсын сэтгүүлчдэд зориулж, хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл өгсөн юм.

зураг
 

Энэ үеэр Японы ГХЯ-ны Эдийн засгийн бодлогын газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ариёши Такахаши “ОХУ-ын цэрэг Украинд халдсан нь хуулийн засаглалд суурилсан олон улсын харилцаанд хүндхэн сорилт болоод байна. Иймд “Их долоо” үүнд онцгойлон анхаарлаа хандуулж, Оросын эсрэг хоригоо үргэлжлүүлж, улам чангаруулна. Харин Украинд дэмжлэг үзүүлэх болно.

Түүнчлэн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай асуудлыг чухалчилж байна. ОХУ-аас Украины тусгаар тогтнолд халдсан энэ цаг үед цөмийн зэвсгийн тухай асуудал нь улам их чухал болж байна” хэмээн ярьсан юм.

Мөн тэрбээр “Их долоо” болон Дэлхийн Өмнөд бүс нутгийн (Global South) орнуудын хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг оновчтойгоор хэрхэн шийдэх талаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр зорьж байгааг дурдлаа.

Сонирхуулахад, "Их долоо"-гийн бүлгийн энэ удаагийн уулзалтын бэлгэ тэмдэг нь хавчаараар нэгтгэсэн оригами буюу өнгийн цаас юм. Энэ нь дэлхийн энх тайван байдлын төлөөх эв нэгдэл, хамтын ажиллагаа гэсэн утгыг илтгэж байгаа аж. 

зураг