Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

М.Баяраа: Драмын театрын урд талын тохижилтын ажил долдугаар сарын 1-нд дуусна

Т.Саран, iKon.mn
2023 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Драмын театрын авто зогсоолын үйл ажиллагааг зогсоож, тохижуулах талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Долдугаар сарын 1-н гэхэд Драмын театрын урд талын тохижилтын ажил дуусна. Машины зогсоолыг болиулж байгаа. Хотын А зэрэглэлийн бүс бол иргэдийн ажиллаж, амьдрах гол газар. Энэ утгаараа тохижилтын ажлыг олон улсын стандартад нийцүүлж хийлгэхээр шаардлага тавьж байгаа. 2021 онд зураг нь хийгдсэн. Тус зургийн дагуу Театрын орчинтой нийцүүлж, тохижилтоо хийнэ гэж төлөвлөж байгаа. Хотын зам засвар арчлалтын компани тус ажлыг хийж гүйцэтгэнэ" гэдгийг хэллээ. 

Мөн тохижилт, ногоон байгууламжийн ажлын талаар "Энэ жил Улаанбаатар хотод гэр хороолол руу чиглэсэн бичил цэцэрлэгт хүрээлэнг 16 байршилд хийхээр төлөвлөж байна. Сонгон шалгаруулалт дуусаж, ажил эхэлсэн. Иргэд гэрээсээ гараад салхилах, хүүхдээ тоглуулах боломжтой болно. 30 байршилд тохижилтын ажил хийнэ. Долоон байршилд явган хүний замын ажил хийгдэх юм. 23 дугаар сургууль орчмын явган хүний замыг өргөсгөх, нэг урсгалыг хэрэгжүүлэх ажил хийгдэж байна. 32 дугаар тойрогт явган хүний замын тохижилтын ажил хийгдэж байна.

Хотоо угаая аяныг хэрэгжүүлж байгаа. Харин өнөөдрийн байдлаар ногоон байгууламж, автобусны буудал, хүүхдийн тоглоомын талбайг угааж, хашааг цэвэрлэх ажил хийгдэж байна. 120 хүнтэй иргэдийн бүлэг хоёр сарын хугацаанд ажиллаж байна. Хөндий болон голын эргээр байгаа хогийг цэвэрлэж байгаа. Иргэдээсээ хогоо бага хаяач гэж хүсмээр байна. 

Мөн өнөөдрөөс мод тарих хөдөлгөөн эхэлж байна. Энэ хүрээнд хотын ногоон байгууламжийн хэмжээг өмнөх жилээс 2-3 дахин ихэсгэнэ. Нэг хүнд оногдож байгаа ногоон байгууламжийн хэмжээ 5.5 м.кв байгааг 1-2 жилд 8 м.кв болгох зорилт тавьж байгаа. 

Хотын газрын асуудал хязгаарлагдмал. Тиймээс аль болохоор сул хөрсийг ногоон байгууламж болгох тал руу анхаарч байна. Хотын захирагчийн ажлын алба хүлэмж, судалгааны хүрээлэнтэй болж байгаа. Цаг уурын нөхцөлд тохирсон ургамлыг ургуулах ажлыг судалгааны үндэслэлтэй хэрэгжүүлнэ" хэмээв. 

Зогсоолын тухайд "Хажуу талын оффист ажилладаг хүн Драмын театрын урд буюу иргэдийн өдөржин явдаг газарт машинаа байршуулж байна. Бид нар замын тохижуулалт хийж, автобусны буудлын тоогоо нэмье гэж ярьж байгаа. Хотын төв рүү орж ирж байгаа бол аль болох хувийн унаанаас татгалзаач гэдэг зарчим баримталж байгаа.

Машины зогсоолын асуудлыг шийдвэрлэнэ. Давхар зогсоолтой байх шаардлага хэрэгжинэ. Машин, байшин биш хүн төвтэй хот байх ёстой. Ямар нэгэн хот А бүсдээ машины зогсоол хийсэн байгааг та бүхэн санаж байна уу? Тохижилтын ажил хийгдэхээр ая тухтай орчныг бүрдүүлнэ.

Захирагчийн ажлын албанаас ногоон байгууламж шилжүүлэх зөвшөөрөл өгөөгүй. Энэ тал дээр шаардлага хүргүүлж арга хэмжээ авна" гэлээ.