Монгол хэл бичгийн шалгалтын хариу өчигдөр гарч, өнөөдрөөс батламжаа тарааж эхэллээ.
Энэхүү шалгалтад нийт 32,600 шалгуулагч оролцохоор бүртгүүлсэн ч 30,879 нь шалгалтаа өгчээ.
2023 оны Монгол хэл бичгийн шалгалтын улсын дүн мэдээг танилцуулбал:
Улсын хэмжээнд 30,879 шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдсан. Үүнээс 26,000 гаруй шалгуулагч босго оноогоо давсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, энэ жил улсын хэмжээнд 36 хүүхэд Монгол хэл бичгийн шалгалтдаа 800 оноо авсныг Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-ийн захирал Л.Ганбат хэллээ.
Монгол хэл бичгийн шалгалтын үр дүнгийн талаар түүнээс үргэлжлүүлэн тодруулсан юм.
БҮТ-ийн захирал Л.Ганбат "Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн сурагчдаас Монгол хэл бичгийн шалгалт авдаг журамтай. Энэ жилийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулсан.
Шалгуулагч тус бүр өөрсдийнхөө оноог цахимаар харах боломжтой. Монгол хэл бичгийн шалгалтыг гүйцэтгэлийн хувиар тооцож үзвэл улсын дундаж 68 хувьтай гарсан.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар Монгол хэл бичгийн ЭЕШ-ын босго оноог 400 байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, хэл бичгийн шалгалтдаа 400 оноо авснаар их, дээд сургуульд элсэх эрхтэй болно. Энэ нь бусад хичээлээр ЭЕШ өгөх эрхгүй болно гэсэн үг биш. 400 онооноос бага оноо авсан байсан ч сонгосон хичээлээрээ ЭЕШ-аа өгөх боломж нээлттэй" гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
|