Өнөөдрийн Хөгжлийн Банкны шүүх хуралдаанаар "Пирамид Орд" ХХК-ийн холбоотой асуудлаар шүүгдэгчдээс асуулт асууж байна.
Тус компанийн зээлийн асуудалд холбогдоод буй Барилга хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгалмаагаас прокурор асуулт асуулаа.
Г.Байгалмаагаас “хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгтэй нь холбогдуулан, Прокурор “Өмнө нь өгсөн мэдүүлэгтээ та хүний өмнөөс гарын үсэг зурсан явдлаа байх л ёстой зүйл мэтээр ярьсан. Энэ нь байж болох үзэгдэл гэж та бодож байна уу?” хэмээн асуусан юм.
Хариуд нь тэрбээр, Би гарын үсэг зурсан үйлдлээ зөвшөөрч байгаа. Гэхдээ 2015 оны гуравдугаар сарын 1-ний өдөр манай удирдах зөвлөл хуралдаад орон сууц бариулах, газар эзэмших эрх шилжүүлэх тухай тогтоол гарсан байдаг. Тухайн зээлийг хөөцөлдөж байх үед нь газар шилжүүлэх эрхийг “Пирамид орд” ХХК-д өгсөн гэдэг байдлаар би энэ тогтоолоо протокол, газар эзэмших гэрчилгээтэйгээ өгсөн байдаг.
Гэтэл яг зээлжих шатанд “Дарга нь зөвшөөрсөн гэдэг юм алга, заавал гарын үсэг нь хэрэгтэй гэж хэлсэн. Тэр боломжгүй, дарга бол зөвхөн нэг саналын эрхтэй л гишүүн шүү дээ. Бүрэлдэхүүнд багтаад, шийдвэр гаргачихсан тогтоолд заавал нэг хүний гарын үсэг ямар хэрэгтэй юм” гэдгийг би хэлж байсан.
Шийдвэр гаргахад дарга оролцож байсан учраас би тухайн үед зурчихсан юм аа гэдгээ хэлээд байгаа шүү дээ” гэсэн юм.
Үргэлжлүүлэн прокурор түүнээс “мөнгө угаах” гэх хэрэгтэй нь холбогдуулан мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон баримтаар 37 орон сууц таны нэр дээр шилжүүлэгдсэн, төлбөр мөнгө нь тан руу болон таны хамтран амьдрагчдын дансанд орсон гэсэн байна гэдгийг дурдаад энэ талаар тайлбар хүсэв.
Г.Байгалмаа, “Хөгжлийн Банканд би шаардагдах материалыг л бүрдүүлж өгч байсан. Ямар нэгэн байдлаар өөрийн нэр дээр болон өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр байр шилжүүлж авсан юм байхгүй” гэв.
Прокурор хэрэгт байгаа баримтын дагуу 37 орон сууцны урьдчилгаа Г.Байгалмаагийн данс руу орсон мөн түүний эцэг эх МоАХ-ны төлбөрт өгсөн гурван өрөө орон сууцанд орсон зэрэг баримтуудыг дурдаж түүнээс тайлбар хүслээ.
Хариуд нь тэрбээр, “Миний эцэг эх хоёрын амьдарч байгаа байрыг худалдаж авах гээд дансанд мөнгө байршуулсан байгааг нотлох баримтаар тогтоож байгаа. Яагаад МоАХ-ны байр гээд гүтгээд заавал наах гээд байгааг би мөрдөн байцаалтын шатанд хэлсэн. Ямар дансанд ямар мөнгө байршуулсан байна вэ гэдэг нь нотлох баримтаар гарч ирэх байх” гэсэн юм.
Харин прокурор уг тайлбарынх нь хариуд МоАХ-ны төлбөрт авсан байр гэдгийг гэрчүүд мэдүүлсэн байдаг. Энэ асуудал нотлох баримт шинжлэн судлахаар тодорхой болоод ирнэ байх гэдгийг хэлж байв.
Прокурор: ТББ-ын албан тушаалтан байж, тус байгууллагынхаа нэрээр гэрээ байгуулаад орж ирсэн хөрөнгийг хувийнхаа дансанд тэр битгий хэл хамтран амьдардаг хүнийхээ дансанд байршуулсан нь ямар учиртай юм бэ?
Г.Байгалмаа: Би итгэмжлэл олгогдсоны дагуу үйл ажиллагаа хийсэн. Ашгийн бус байгууллага ашгийн үйл ажиллагаа явуулаад байгаа юм шиг энэ хуримтлалыг үүсгэх боломжгүй байсан. Хэрхэн яаж асуудлыг шийдэх нь надад бүрэн эрхээрээ олгогдсон асуудал гэж ойлгож байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!