ЕБС-ийн 10-р ангийн сурагч Б.Амина нь өдгөө Pinecone Academy-д инженер болон бэлтгэгдэж буй бөгөөд хэрэглэгч өөрт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнээ оновчтой захиалах боломжтой шийдлийг шингээсэн апп бүтээж буй юм. Түүний технологийн салбарт хөл тавьсан түүхийг сонирхоцгооё.
- Бүтээж буй аппынх нь талаар ярилцахаас өмнө яагаад анх мэдээллийн технологийн салбарыг сонирхох болсон тухайгаас нь эхлээд ярилцъя. Юу таныг технологид сонирхолтой болгосон бэ?
Би бусад охидын адилаар нүүр будалт, арьс арчилгаа гээд л гоо сайхантай холбоотой сэдвүүдийг их сонирхдог. Арьсандаа ч тогтмол анхаарч, олон бүтээгдэхүүн судлах хоббитой юм. Энэндээ цаанаасаа сонирхолтойг ч хэлэх үү, дуртай юмаа хүн хийгээд байхаар нэг мэдэхэд л тэр талаар маш ихийг мэддэг болчихсон байдаг шүү дээ.
Гэхдээ мэдээллийн технологи бол миний хувьд тийм ч дурламаар байгаагүй. Технологи яаж ажилладаг тухай бодох байтугай сонирхож ч үзээгүй. Нийтлэг хүмүүсийн ойлгодог шиг өдөржин код бичиж суудаг уйтгартай ажил л гэж боддог байлаа. Яаж миний хувьд код бичихийг гоо сайхантай зүйрлэх билээ дээ. Тэс өөр шүү дээ.
Өнгөрсөн жилийн зун дөнгөж эхэлж байх үед байх аа, дүү маань ч миний хажууд утсаараа нүүр буддаг тоглоом тоглоод сууж байсныг хэлэх үү, би ч онц хийсэн юмгүй амрангаа facebook үзэж сууж байгаад Б.Мишээл гээд охины ярилцлагыг олж уншсан юм. 16 настай инженер охин дүүгийн маань тоглож байгаа тоглоом шиг веб тоглоом, сэтгэл зүйн апп гээд толгойд орж ирсэн санаануудаа гараараа бүтээчихсэн, түүнийгээ танилцуулсан байснаас гадна 16-тайдаа ажилладаг нь миний сэтгэлд их хүрсэн. Бодсоноо тэр болгон бүтээнэ гэдэг хэцүү шүү дээ. Гэхдээ технологийн давуу тал нь хүн бодлоо шууд бүтээл болгож чадах эрх чөлөөг өгдөг юм шиг санагддаг. Ингээд л “би ч бас яагаад ийм чадварыг сурч болохгүй гэж” гэх бодол өөрийн эрхгүй бодогдсон. Одоо бодоход нөгөө л гоо сайхан маань намайг технологид хөтөлсөн гэх үү дээ.
- Сонирхолтой түүхээр эхэлж байжээ. Дараа нь юу болсон бэ?
Яг тэр үед код бичиж сурах тухай эрчимтэй судлаад Nest Academy /одоо Pinecone Academy/-д жил бүрийн зун 13-17 насны хүүхдүүдэд зориулсан HOP гэж хөтөлбөр зарлагддагийг мэдээд бүртгүүлсэн юм. Тэгээд ээжтэйгээ хамт амралтын өдөр өдөрлөг дээр нь очиж, хөтөлбөртэй нь танилцаад суралцахаар шийдсэн. Зуны туршид шинэ юм сураад, сурсан зүйлээрээ өөрийнхөө хүссэнийг хийж чаддаг болно гэхээс баярлаж байсан.
- Одоо бүтээж буй аппынх нь талаар ярилцъя. Санаагаа тайлбарлаж болох уу?
Тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнээ худалдан авах гэх хамгийн том бэрхшээл хэрэглэгчдэд байдаг. Нэн ялангуяа өсвөр насны охидын арьс өөрчлөлтэй байдгийг ч хэлэх үү, олон бүтээгдэхүүн туршаад тохирохгүй байх нь элбэг байдаг шүү дээ. Мөн хэрэглээд л байдаг мөртлөө ахиц гарч байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй байх асуудал их байдаг. Ингээд шинэ бүтээгдэхүүн туршиж үзэх гэхээр ядахнаа хэрэглэж байсан хэрэглэгчээс асуух боломж байхгүй байдаг. Ийм асуудал тулгараад найзууд маань ч надаас үе үе тохирох бүтээгдэхүүн асуухаар миний мэдэхгүй бүтээгдэхүүн байх жишээтэй.
Иймээс энэхүү аппаар худалдан авалт хийх үед бусад хэрэглэгчдийн сэтгэгдлийг харуулж, тухайн бүтээгдэхүүнийг захиалсан хэрэглэгчид бүтээгдэхүүнд оноо өгөх замаар асуудлыг шийднэ гэж харж байгаа.
Сонсоход их энгийн юм шиг санагдаж болох ч технологийн зах зээл дээр бүгд хийчихмээр амархан санааг маш сайн гүйцэтгэхэд төвлөрч ажилласан компаниуд амжилт гаргасан нь олон байдаг.
Хоёрт, Монголд одоогийн байдлаар гоо сайхны бүтээгдэхүүний төвлөрсөн нэгдмэл орон зай байхгүй байгаа юм. Хэрэглэгч олон нийтийн сүлжээнээс сураг ажгаар орж хайж, чатаар харилцаад дансанд нь мөнгөө хийгээд хэзээ яаж хүргэж өгөх нь ч мэдэгдэхгүй хүлээдэг. Зарим тохиолдолд бүтээгдэхүүнээ ч сайн судалж мэдэхгүй болно байх аа гээд захиалах нөхцөл байдалд орно. Хэрэглэгч мөн бүтээгдэхүүнээ авах гэж удаан хүлээдэг. Хэр чанартай бүтээгдэхүүн зардаг, харилцагчтай хэрхэн харьцсан, хэдий хугацаанд хүргэсэн гээд олон зүйлс далд байгааг ил гаргаж дэлгүүр бүрд үнэлгээний систем хийж өгнө. Үүнтэй холбоотой өөрт тохиолдсон жишээгээ би ярья. Өмнө нь би instagram хаягаар гоо сайхны бүтээгдэхүүн захиалаад ирэх гэж маш удсан. Удаж байгаа тухай нь хэлтэл тэгвэл авахаа больчих гэсэн.
Ийм явдал зөвхөн манай улсад л тохиолддог байх. Өөрийн чинь л хохь шүү дээ гэх түгээмэл хандлага байдгийг та ч сайн мэдэх биз. Үүнийг мөн такси үйлчилгээний жишээтэй холбож тайлбарлаж болно. Бид таксины UBCab апп гарахаас өмнө мөнгө илүү авах аль эсвэл жолооч үйлчлүүлэгчтэй ёс бус харилцах тохиолдолд, нэн ялангуяа эмэгтэйчүүд яаж ч чаддаггүй байсан шүү дээ. Үнэлгээ өгөөд олны дунд байлгаж эхэлснээр аливаа юм зөв голдиролдоо ордог нь үнэн санагддаг. Сайн үйлчилгээ мэдээллийн бүрэн нээлттэй байдалд л байгаа. Иймд үүнд зорьж байна.
- 16 настай охин ийм шийдэл гаргаад үүнийгээ бүтээхээр зорьж байна гэдэг гайхалтай бөгөөд бахархам санагдлаа. Бусад хүүхдүүд өөрийн чинь адилаар апп бүтээж чадах болов уу? Суралцахад ямарваа нэг ур чадвар хэрэгтэй юу?
Технологийн салбарын тухай хүн бүхэнд хэлмээр байдаг нэг зүйл бий. Миний бодлоор энэ салбар хүний амьдралын бүхий л хэсэгтэй салшгүй болсон байна. Гоо сайхан, банк, санхүү, хоол хүнс, такси, автобус гээд бидний амьдралд өдөр тутамд байдаг бүхий л зүйлсийн тухай технологиор дамжуулан мэдээлэл авдаг болсон байна. Үүгээрээ би юуг хэлэх гээд байна вэ гэвэл энэ ур чадвар нь хүн бүрийн сурах хэрэгцээтэй ур чадвар болсныг илтгэж байна. Хүн бүрд англи хэл чухал байдаг шиг, кодын хэлийг хүн бүр их бага хэмжээгээр мэддэг болох шаардлагатай үе ирж байна. Ер нь ирээдүйд ч компаниуд код бичих ур чадварыг хүн бүрээс шаарддаг болж эхэлнэ гэж бодож байгаа. Гэхдээ код сурна гэхээр заавал энэ салбараар дагнах алба байхгүй л дээ.
Тиймдээ ч миний хувьд ахлах сургуулиа төгсөөд их сургуульд энэ мэргэжлээрээ сурна гэж боддоггүй. Эдийн засаг ч юм уу, тэр талдаа илүү суралцахаар төлөвлөж байна. Гол нь ирээдүйд өөрийн бизнесээ эхлэх үед ч юм уу технологийн ур чадвартай байх нь надад давуу тал болно. Өөрийн гэсэн гоо сайхны салонтой боллоо гэхэд л вебсайттай, тэрэн дээрээ үйлчилгээнүүд нь ойлгомжтой байдаг, цаг захиалах, төлбөр төлөх системтэй байхад л бусад салонуудаас илүү сайн ажиллана.
Мөн математиктаа сайн байх ёстой юу гэх мэт асуулт түгээмэл асуугддаг. Хэрвээ тухайн хүн өөрөө л дуртай байвал технологи нь эхлээд хүнээс мэдлэг, ур чадвар шаардахаас илүүтэйгээр технологийг сурах явцад хүнд мэдлэг, ур чадварыг цэгцтэй бөгөөд зөв суулгадаг юм шиг санагддаг. Би энэ аппаа хийх явцад ч асуудлыг оновчтой харж шийдвэрлэхэд өмнө хэлсэн шиг олон ур чадварыг сайжруулчхаж байгаа юм.
Pinecone Academy ч зөвхөн нэг ур чадварыг эзэмшүүлэхээс илүүтэйгээр тухайн хүнийг бүхий л талаас нь чадавхжуулахад анхаардаг хөтөлбөр, багш нартай санагддаг. Нөгөө талаар нэг ангид нэг хамт олон болоод хамтдаа суралцах нь юмаа хийх урам зориг өгдөг. Ганцаараа суралцах гэж үзээд хүмүүс их шантардаг юм байна лээ. Наад зах нь найз маань гадаа гарч зугаалъя гэвэл өнөөдөр болиод маргааш нэг цаг нэмээд суучихъя даа гээд л эхэлдэг шүү дээ. Мөн асуудал гарахад асууж зөвлүүлэх багштай байх нь үнэхээр давуу тал юм байна лээ.
- Одоо хөтөлбөртөө суралцаж байгаа юу? Өнөөдрийн байдлаар дүгнэхэд анх хүсэж байсан ур чадвараа авч чадсан гэж боддог уу?
Өнгөрсөн жилийн зуны 3 сарын туршид анхан шатандаа суралцаад, намраас арван жилийнхээ хичээлийн хажуугаар ахисан шатандаа суралцаж эхэлсэн. Ахисан шатаа суралцаад энэ сардаа төгсөх гэж байна. Одоо дүгнэхэд бол жилийн өмнө хүсэж байсан “би”-дээ хүрсэн гэж боддог. Цаашаа сайжруулах, хөгжүүлэх зай бол мэдээж бий.
- Сүүлийн чухал асуултаа асуугаад өндөрлөе. Өөр шиг нь ур чадвартай болохыг хүсэж, энэ салбарыг сонирхсон үе тэнгийнхэн, дүү нартаа юуг зөвлөх вэ?
Хүнд зөвхөн одоо гэсэн бодит хугацаа байдаг гэж хувьдаа боддог. Одоо гэдэг хугацаа өнгөрсөн болох ба ирээдүй ч эцсийн дүндээ одоо болж ирэхээр хүлээгдэж буй л хугацаа. Тийм учраас энэ хугацааг л үр дүнтэй ашиглаад суралцмаар байгаа чадвараа сураасай гэж хүсэж байна.