Өнгөрсөн Бямба гарагт бяцхан жаалууд, сурагчид, оюутнууд, залуучууд, эцэг эхчүүд зэрэг 5’000 гаруй хүн Монголын уран зургийн галерейг зорьсон юм. Учир нь Мобиком групп түүхэндээ анх удаа НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудад чиглэсэн үйл ажиллагаа, нийгмийн сайн сайхны төлөөх төслүүдээ олон нийтэд нээлттэй танилцуулж, урлаг, хөгжим, сэтгэл зүйн интерактив хөтөлбөрүүдээр хүмүүсийн оюуны цангааг тайлсан билээ.
Мобиком групп нь НҮБ-ын "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-д нэгдэж, өдөр тутмын үйл ажиллагаанаас эхлээд урт хугацааны төлөвлөгөөгөө эдгээр зорилгуудтай нийцүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Инновац болон дэд бүтцийг хөгжүүлэх, Тэгш бус байдлыг бууруулах, Чанартай боловсролыг дэмжих зорилгыг нийгмийн хариуцлагын үндсэн чиглэлээ болгон ажиллаж байна.
Өглөөний 10 цагт нээсэн даруйд эхний үзэгчид маань өдөрлөгтөө оролцохоор аль хэдийн ирсэн байв. Ээж аавыгаа хоёрдугаар давхарт төслүүдтэй танилцах зуур хүүхдүүд “Маамуу”-г будаж, “Да Винчи”-гийн бяцхан модон гүүрийг эвлүүлэхээр шууд л “ажил”-даа орсон юм. Мөн таазнаас унжсан 10 м урт зургийн урд Smart Education-ийн харандаан хүү болон ах эгчтэйгээ хамт зургаа авхуулж, утсандаа, бас оюун ухаандаа нэгэн тод дурсамжийг хадгалж авсан.
Go’all өдөрлөгийг урлаг судлаач, куратор Б.Цэцэгбадам “Хандлагаар анагаахуй” хөтөлбөрөөрөө эхлүүлсэн. Оролцогчид өөд өөдөөсөө харж суугаад ярилцсанаар богино хугацаанд стрессээсээ ангижирч, сэтгэлзүйн дархлаагаа дэмжиж чадсан юм. 1975 онд байгуулагдсан АНУ-ын “Хандлагаар анагаахуй” байгууллага нь энэхүү сэтгэлзүйн тусгай хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд оролцогчдод хандлагаа өөрчлөх, шинэ арга барилаар амьдралаа өөрчлөх боломжийг олгодгоороо ач холбогдолтой.
Үүний дараа Creative Bamboo театрын “Үлгэрийн цаг” эхэлж, хүүхдүүд “Дэлхийхэн” үлгэрт дүр бүтээж, дуулж бүжиглэн хөгжилдсөн. Ташрамд дуулгахад 4 дүгээр сарын 22-нд “Эх дэлхийн өдөр” тохиосон бөгөөд өдөрлөгт ирсэн хүмүүс мобикомын байгаль дэлхий, ан амьтнаа хайрлан хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгахад чиглэсэн төслүүдтэй ч танилцаад амжсан.
Go’all өдөрлөг ид дундаа ороход гадаа уртаас урт дараалал үүссэн ч хүмүүс тэр бүгдийг үл ажран байсан нь үнэхээр гайхалтай хэрэг байлаа.
Өдөр 13 цагт ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн Дизайны салбарын багш, урлаг судлаач Н.Оргилболд болон урлаг судлаач М.Аминаа нар Сэргэн мандалтын үеийн урлаг, алдарт Да Винчигийн талаарх урлагийн лекцээ толилуулсан нь энэхүү өдөрлөгийн бас нэгэн чимэг байв. Хүмүүс лекцээ сонсохын сацуу Оргилболд багшийн 2 жилийн нөр их хөдөлмөр, санаачилгаар бүтсэн Да Винчи иммерсив үзэсгэлэнг үзэж, урлагаар бүрэн утгаараа амьсгалж чадсан.
Ингээд 15 цагт Go’all өдөрлөгийн албаны ёсны арга хэмжээ эхэлж, Мобиком групп нийгэмдээ хамтын үнэ бүтээх ямар ямар төсөл хэрэгжүүлж ирсэн, яагаад хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, ирээдүйд анхаардаг, цаашид тэгш, хүртээмжтэй нийгмийг бий болгохын төлөө юу хийхээр төлөвлөсөн, хүмүүст юуг уриалж байгаа талаар Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Кожи Курушима илтгэлээрээ дамжуулан танилцуулсан. Мөн Ковидын үед хэрэгжүүлсэн Smart Education төслийг Сурталчилгаа олон нийттэй харилцах албаны захирал С.Батзаяа танилцуулж, цаашид энэхүү төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ дуулгасан билээ.
Энэхүү арга хэмжээнд сурагчдын дуу хоолойг хүргэхээр 122-р сургуулийн 12-р ангийн сурагч О.Шинэтунгалаг ирснээс гадна Монголын контемпорари балетын хөтөлбөрийн “Амьдралыг тэтгэгч ус” бүжиг, Pixar, Ghibli, Marvel студийн хөгжмийн зохиолуудыг оюуны өмчийн онцгой эрхтэйгээр фильм концерт хэлбэрээр толилуулдаг Фантазиа студийн тоглолт үзэгчдийг ихээхэн огшоосон.
Арга хэмжээний үеэр үзэгчид MonPay апликейшны Хандив цэсээр дамжуулан “Азтай савар” ТББ-д хандив өгснөөс гадна MonPay апликейшнаас зарласан “Амьтдын эрхийг хамгаалах сар” аяны хүрээнд цугларсан хандивыг “Азтай савар” ТББ-д гардуулан өгсөн юм.
Go’all өдөрлөгийн бас нэгэн онцлог нь, үндсэн арга хэмжээг дохионы хэлмэрч Г.Мөнхцэцэг орчуулснаас гадна Мобиком Корпораци нь үйлчилгээгээ илүү хүртээмжтэй болгохын тулд энэ ондоо багтан үйлчилгээний салбартаа виртуал дохионы хэлмэрчийн үйлчилгээг нэвтрүүлэхээр Hand pro компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна. Мөн Мобинет ХХК нь сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулсан AI технологи бүхий дохионы хэлний орчуулгын EQ4ALL апликейшныг Монгол улсдаа нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Мобиком групп нь энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан нь хувийн хэвшил, төр засгийн байгууллагууд, ОУ-ын байгууллагууд, олон нийтийг “Тогтвортой хөгжлийн зорилгууд”-ыг анхаарч үзэх, улмаар хүн бүр тэгш, хүртээмжтэй амьдрах тэр нийгмийн цогцлоохын төлөө хамтран зүтгэхэд уриалсан билээ.
Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ баярлалаа.
Эрх тэгш, тогтвортой нийгмийг хамтдаа бүтээцгээе.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!