Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улсын Их Хурал(УИХ)-д өнөөдөр өргөн барилаа.
Уг хуулийн шинэчилсэн найруулгаар
Монгол Улсад өнөөдрийн байдлаар улс төрийн 35 нам бүртгэлтэй байна. Эдгээрийн санхүүжилтийн ил тод байдал хязгаарлагдмал, улс төрийн нам бодлогын институц болон төлөвшиж чадаагүй, хэн нэгэн лидер буюу үүсгэн байгуулагчийн удирдлагаас шууд хараат лидер тойрсон бүлэглэл маягийн хэлбэртэй байгаа хэмээн судалгаагаар дүгнэжээ.
Иймд улс төрийн намуудыг хариуцлагажуулахын тулд оруулж буй заалтаас онцолбол, Сонгуулийн төв байгууллагад үйл ажиллагааны санхүүгийн тайлангаа жил бүр өгөх, хэрэв хоёр жил дараалан тайлангаа өгөөгүй, хоёр сонгууль дараалан оролцоогүй бол идэвхгүйд тооцохоор тусгасан байна. Мөн шинэчилсэн найруулгаар Сонгуулийн төв байгууллага нь намуудад хяналт тавин ажиллах бөгөөд нэлээд эрх мэдэл төвлөрүүлжээ.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санхүүжилтийг нь "шилэн" болгохоор зорьсон тухайгаа санаачлагчид нь онцолсон. Тухайлбал, "Иргэн болон хуулийн этгээдийн мөнгөн хандивыг зөвхөн намын дансаар хүлээн авах бөгөөд бэлэн мөнгөөр хандив авахыг хориглоно. Гишүүний татвар болон хандивыг тооцооны нэг дансанд байршуулна" гэж заажээ.
Хандивын дээд хэмжээ нь жилд нэг иргэнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар заасан байна. Энэ нь одоогийн дүнгээр 6.6 сая төгрөгөөс хэтэрч болохгүй гэсэн үг.
Харин хуулийн этгээдээс авах хандив нь нэг жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээс илүү байх гэжээ. Одоо мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг байгааг 50 дахин нэмэгдүүлснээр 27.5 сая хүртэлх төгрөгийн хандивыг хуулийн этгээдүүд намд өгөх боломжтой болно. Гэхдээ тааз хэмжээ нь тухайн хуулийн этгээд, түүний хараат болон охин компани, салбар, төлөөлөгчийн газрын өгсөн хандивын нийлбэр дүнгээр тооцогдох юм.
Түүнчлэн нэг жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх ба түүнээс дээш хэмжээний хандив өгсөн иргэний овог, нэр эсвэл хуулийн этгээдийн нэр, хандивын хэмжээ, хандивыг хүлээн авсан огноог цахим хуудсандаа хайлт хийх боломжтой нээлттэй өгөгдлийн санд улирал татам байршуулж, Сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх бөгөөд уул мэдээллийг намын санхүүгийн тайландаа тусгайлан заах учиртай юм байна.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
28.1.Улсын Их Хурлын сүүлийн ээлжит эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу жил бүр хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно.
28.3.Нийт сонгогчийн 3-аас дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно.
31.1.Нийт сонгогчийн 1 хувиас доошгүй санал авсан нам нь сонгуулийн бус жилд төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг дараах хэлбэрээр авах эрхтэй:
31.1.1.намын удирдах дээд байгууллагыг хуралдуулах, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хурал зохион байгуулахад төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимыг жилд улирал тутам удаа үнэ төлбөргүй ашиглах;
31.1.2.хуваарийн дагуу намын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх нэвтрүүлгийг үндэсний олон нийтийн радио, телевизээр жилд гучин минутаар улирал тутам үнэ төлбөргүй нэвтрүүлэх.
33.2.Гишүүний сарын татварын хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувиас хэтрэхгүй байна.
33.4.Гишүүний татварыг тухайн намын гишүүн зөвхөн өөрийн орлогоос төлнө.
34.4.Хандивыг мөнгөн бус хэлбэрээр авах тохиолдолд түүнийг зах зээлийн дундаж ханшийг үндэслэн үнэлэн бүртгэж, мөнгөн дүнгээр илэрхийлэн санхүүгийн тайланд тусгана.
35.6.Нам дараах этгээдээс хандив авахыг хориглоно:
35.6.1.гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
35.6.2.гадаад улс буюу гадаад улсын төрийн байгууллага, нам, хуулийн этгээд, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж;
35.6.8.байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд;
38.3.Нам санхүүгийн тайланг гаргахдаа Шилэн дансны тухай хуулийн 4, 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримталж, энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан зүйлийг тусгана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!