Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

ЗЭРЭГЦЭН АМЬДАРЪЯ: Зэрлэг амьтдад ээлтэй гарц байгуулах стандартын хэрэгжилт

ikon.mn
2023 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Манай улс зэрлэг амьтдын амьдрах орчин, нүүдлийн замд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаар ажлын хэсэг байгуулан ажилласны үр дүнд Азийн орнуудаас анх удаа зэрлэг амьтдад ээлтэй гарц, гарам байгуулах хоёр стандартыг баталсан.

Тодруулбал “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц, Ерөнхий шаардлага MNS 6515:2015” Монгол Улсын стандартыг 2015 онд баталсан. Энэ нь Монголд төдийгүй дэлхийд ховор хулан адуу, хар сүүлт, цагаан зээр, монгол бөхөн зэрэг туурайтан амьтдад зориулсан гарц хийж, тэдгээрийг хамгаалах зорилготой юм. Мөн 2018 онд “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн нүүдлийн зэрлэг амьтдад зориулсан гарц, Ерөнхий шаардлага MNS 6735:2018” Монгол Улсын стандартыг баталсан.

Тус стандартуудын дагуу дээр дурдсан тал хээрийн туурайтан амьтдаас гадна уулархаг болон ойт бүсийн аргаль хонь, янгир ямаа, молцог хандгай, халиун буга, бор гөрөөс, цаа буга, зэрлэг гахай, баданга хүдэр, цоохор ирвэс, шилүүс зэрэг зэрлэг амьтдын нүүдэл шилжилтийн судалгаанд үндэслэн амьтад авто болон төмөр замыг нэвтрэн гарах гол нүүдлийн болон гүйдлийн тохиромжтой байршилд хангалттай тоогоор тохирох гарцыг зөв төлөвлөн байгуулах нь чухал юм. Ингэснээр зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт, хөдөлгөөнийг авто болон төмөр замаар аюулгүй, чөлөөтэй нэвтрүүлэх, эко системийн нэгдмэл байдлыг ханган, хамгаалж буй явдал юм.

2017 онд Ховд аймагт дэлхийд нэн ховор цоохор ирвэс автомашинд дайруулсан харамсалтай хэрэг гарсан нь амьтдад зориулсан гарц, гармыг олноор байгуулах нэн чухлыг харуулсан нэг жишээ болсон.

Шугаман дэд бүтцийн байгууламжаас үүдэлтэй саадыг зэрлэг амьтад нүүдэллэхдээ аюулгүй нэвтрэхэд зориулсан гарцыг төмөр болон авто замуудад зөв байршилд гаргаснаар ачаа болон зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөний аюулгүй байдал, ачаа эргэлтийн үр ашгийг дээшлүүлэх ач холбогдолтой билээ.

Зэрлэг амьтдад зориулсан гурван төрлийн гарц, гарам бий. Үүнд:

"Гүүрэн гарц"

Үүнийг голдуу байгалийн өөрийн тогтцыг ашиглаж барьдаг. Энэ төрлийн гарц нь авто болон төмөр зам, бусад шугаман дэд бүтцийн дээгүүр тусгайлан байгуулсан гүүрээр амьтад аюулгүй гарах зориулалттай. Амьтдад хамгийн ээлтэй, аюулгүй гарц бол гүүрэн гарц юм. Гэвч манай улс одоогоор гүүрэн гарц хараахан байгуулаагүй байгаа юм. Учир нь энэ төрлийн гарцыг байгуулахад 3-4 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайг урьдчилсан байдлаар тооцож гаргажээ.

"Нүхэн гарц"

"Нүхэн гарц" нь авто болон төмөр зам, бусад шугаман дэд бүтцийн доогуур тусгайлан байгуулсан хөндий нүх, зайгаар амьтдыг шугаман дэд бүтцийн нөгөө талд аюулгүй гаргах зориулалттай. Ийм гарцыг Тавантолгой чиглэлийн төмөр замуудын дагуу байгуулсан ч тоо цөөн, зай нь хэт хол байгааг үнэлгээгээр тогтоосон. Мөн Тавантолгой чиглэлийн төмөр замуудад зэрлэг амьтдад зориулан байгуулсан нүхэн болон ижил түвшний гарцыг зэрлэг амьтад ашиглах магадлалыг нэмэгдүүлэхийн тулд эдгээр гарцын ойролцоо хөв байгуулахыг зөвлөжээ.

“Нэг түвшний гарц”

"Нэг түвшний гарц" нь авто болон төмөр зам, бусад шугаман дэд бүтэц дээгүүр зэрлэг амьтад шууд гарч болохуйц тусгайлан байгуулсан налуу хэсгээр амьтдыг шугаман дэд бүтцийн нөгөө талд аюулгүй гаргах зориулалттай. Нэг түвшний гарц бүхий замд авто замд мэдрүүлэгч байршуулж, үүний хоёр талд нь 40 метрээс доошгүй зайд анхааруулах болон зэрлэг амьтныг мэдээлэх тэмдэг, тэмдэглэгээг байршуулдаг.  Манай улсад авто болон төмөр зам дагуу энэ төрлийн гарцыг голдуу хийж байна. Тухайлбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км замд нэг түвшний 12 гарц, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 30-50 метрийн өргөнтэй нэг түвшний гарц 10 байршилд байгуулсан гэж ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням мэдээлсэн.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дагуу инженерийн шийдэл бүхий “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц, Ерөнхий шаардлага. MNS 6515:2015 Монгол улсын стандартын шаардлагад нийцүүлсэн амьтны гарц, мөн зэрлэг амьтад гарах боломжтой 3-4 м өндөртэй хоолой олон байхаас гадна дээрх MNS 6515:2015 Монгол улсын стандартын шаардлагад нийцүүлэн хийсэн нэг түвшний гарцууд цөөнгүй байна. Харин Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замд нэг түвшний мал, амьтдад зориулсан гарц цөөхөн, зай нь ихээхэн хол байгааг үнэлгээгээр тогтоожээ.

Харин бусад орны туршлагаас харахад амьтад зам хөндлөн гарахдаа нэг түвшний гарцыг ашиглах нь аюултайд тооцогддог учраас гүүрэн болон нүхэн гарцыг олноор байгуулахыг илүүд үздэг байна.

Зэрлэг амьтдад зориулсан гарц, гарам байгуулахад анхаарах зүйлсээс дурдвал:

  • Гарцыг амьтан судлаачдын судалгааг үндэслэн зэрлэг амьтад нүүдэллэдэг хэсгүүдэд илүү олон тоотой байгуулах
  • Гарцыг хүн, малын хөдөлгөөнөөс зайдуу газар байгуулахад анхаарах
  • Гарцын хийц, бүтэц нь аль болох энгийн байх бөгөөд орох хэсгийн налууд амьтдыг гарц уруу хөтлөн, чиглүүлэх зорилгоор мод, сөөг тарьж, орчныг өвслөг ургамлаар тарималжуулах
  • Нүхэн гарцын ул, суурь тухайн орчны хөрс, ургамлын бүрхэвчтэй ижил төстэй байх
  • Мөн зэрлэг туурайтан амьтдад зориулсан гарц нь тухайн зүйл амьтдын биеийн хэмжээ, зан төрхийн онцлогт тохирсон хэмжээ, загвартай байх ба гарцын байршил, хоорондын зай нь амьтны зүйл, газар зүйн байршил, газар нутгийн онцлог зэргээс хамаарна. Жишээлбэл ойн туурайтнууд, тухайлбал халиун буга, молцог хандгайтай харьцуулахад биеэр жижиг боловч олноороо сүрэглэнэ. Тиймээс хандгай гарахад хангалттай өндөр, буга гарахад хангалттай өргөн байх шаардлагатай. Орон зай, зан төрхийн хувьд алс зайд сэрэмжилдэг учраас гарцын цаад талд уул, тэнгэр хангалттай харагдаж байх шаардлагатай. Ойн туурайтны үндсэн амьдрах орчин нь ой болон ойт хээр бөгөөд голдуу задгай энгэрт бэлчиж, ойн зах, чөлөөгөөр гүйдэг учраас гарцын цаад талд ижил төрлийн орчин харагдаж байх нь зүйтэй юм.

Тэгвэл “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц” MNS 6515:2015 Монгол Улсын стандартыг Монгол улсад дэд бүтцийн бүтээн байгуулалтад хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд инженер техникийн талаасаа стандартын нөхцөл, шаардлагад нийцсэн сайн жишээ Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замуудад байгааг дараах баримтаар харуулав.

Cтандартуудын шаардлага ба бодит хийцийн харьцуулалт

зураг
 
Төмөр замын доогуурх нүхэн гарцуудын хэмжээ (том биетэй мал амьтдыг гаргах боломжтой)
зураг
 
Олон баганат гүүрэн гарцуудын цаад харууц байдал нь стандартын шаардлагад нийцнэ.
зураг
 
Хуурай сайран дээгүүр барьсан төмөр замын гүүрнүүд 23 хүртэл баганатай байна.
зураг
 
Ганц тулгуурт гүүр нь авто замын дагуух гарцыг орлох боломжтой.

Харин судлаач, мэргэжилтнүүдээс цаашид төлөвлөх авто болон төмөр замын төслүүдэд дараах зөвлөмжийг тусгахыг санал болгож буй юм. Үүнд:

Өргөст торгүй байлгахыг эрмэлзэх

Төмөр замын хамгаалалтын тор барих зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зөвхөн “Төмөр замын аюултай бүс” буюу төвлөрсөн суурин, өртөө, зөрлөг орчимд тор татах, бусад хэсгийг торгүй байлгах. Өргөст тор нь зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг хязгаарладаг төдийгүй үхэл хорогдолд нөлөөлдөг маш том хүчин зүйл болохыг олон судалгаа харуулж байна. Тухайлбал, 2005 оны 6-р сард хийсэн судалгаагаар Багахангайгаас Замын-Үүд хүртэлх төмөр замын өргөст торонд орооцолдож үхсэн нийт 241 цагаан зээрийн сэг, 2016 оны өвөл их хэмжээний цас орсны улмаас зүүн аймгуудаас баруун тийш нүүдэллэн төмөр замын торонд тулж улмаар 5000 гаруй зээр торонд өлгөгдөн хорогдсоныг тогтоожээ.

Зэрлэг амьтанд зориулсан гарцыг 10 км тутамд төлөвлөн барих

Цагаан зээр, хулан, хар сүүлт нь тухайн жилийн цаг агаарын нөхцөл, ургамлын гарц, хүний болон байгалийн бусад хүчин зүйлээс хамааран харилцан адилгүй нүүдэл, шилжилт хийдэг. Иймд эдгээр амьтны зан төрхийн онцлогийг харгалзаж, төмөр замын трассын дагуу “Төмөр замын аюултай бүс”-ээс бусад газарт багадаа 10 км тутамд гарц, гарам байгуулах шаардлагатай.

Зэрлэг амьтад ихээр байршиж, нүүдэллэн өнгөрдөг цэгүүдэд нэмэлт гарц байгуулах

Тухайлбал, Тавантолгой чиглэлийн төмөр замуудын дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц, гарам нэмэлтээр барих шаардлагатай газруудыг 2002-2020 оны хооронд цуглуулсан хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль хонь, янгир ямааны хүзүүвчний болон хээрийн ажиглалт судалгаа, Биологийн олон янз байдалд чухал газар нутаг зэрэг мэдээлэлд үндэслэн тодорхойлжээ.

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам дагуу байгуулсан нэлээд гарц, гармын байршил нь зэрлэг амьтны байршил, нүүдэл, шилжилтийн гол цэгүүдтэй давхцахгүй байгаа нь цаашид нэмэлт гарц, гарам байгуулах шаардлага үүсгэж мэдэх юм.

Зэрлэг амьтанд зориулсан гарц барихдаа дээрх стандартуудыг хатуу баримтлах, тухайн бүс нутгийн зэрлэг амьтдын зүйл, нүүдэл, шилжилт, газар зүйн байршил, газар нутгийн онцлогт тохируулан гүүрэн, нүхэн болон нэг түвшний гарцыг зөв сонгож стандартын дагуу төлөвлөх нь нэн чухал байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын байгаль хамгааллын менежментийн туршлагаас харахад ялангуяа авто болон төмөр замын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн асуудлууд ашиглалтын үедээ бүтээн байгуулалтын үеийнхээсээ илүү байдгийг тогтоожээ. Иймд бүтээн байгуулалтын хугацаа нь богино ч ашиглалтын хугацаа нь урт дэд бүтцийн төслүүдийн байгаль орчны нөлөөллийн асуудлыг ашиглалтын үед улам нарийвчлан судлах шаардлагатай.

Амьтдын нүүдэл, шилжилт, байршлыг алдагдуулахгүй байх, зэрлэг амьтдыг чөлөөтэй нэвтрүүлэх гарц, гармыг төмөр замын төслүүдийн техник, эдийн засгийн үнэлгээ хийх төлөвлөлтийн үед эхнээс нь тусгах нь баригдах төмөр замын байгальд ээлтэй байх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх гол нөхцөлийн бүрдүүлэх юм. Гарц, гармыг дахин төлөвлөлтөөр гаргахад буюу барьсан дэд бүтцийг амьтдад ээлтэй болгож өөрчлөн байгуулахад асар өндөр зардалтайг европын орнуудын жишээ бидэнд харуулж байна. Тиймээс олон улсын хэмжээнд нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлыг цогцоор нь авч үзсэн тогтвортой хөгжлийн жишиг шугаман дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг цогцлоох боломж манай улсад байна гэж БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Ц.Уранчимэг онцоллоо.

Монгол Улсын хэмжээнд одоогийн болон 2025 он хүртэл төлөвлөж буй төмөр замын зэрлэг амьтны байршил, нүүдэл, шилжилт хөдөлгөөнд үүсгэх нөлөөг үнэлсэн тайланд цагаан зээрийн сүрэг 9, хулангийн сүрэг 5, хар сүүлтийн сүрэг 7, монгол бөхөнгийн сүрэг 2 жижиг хэсэгт тус тус хуваагдах нөхцөл үүсэж байна. Хэрэв зэрлэг амьтны нүүдэл, шилжилтийг чөлөөтэй нэвтрүүлэх оновчтой төлөвлөлт, шийдэл гаргахгүй бол өөр хоорондоо холбоогүй жижиг сүргүүд бий болж, аажмаар Монгол орны нүүдэллэдэг зүйл амьтад устах эрсдэлтэй гэжээ.

Иймд манай улс зэрлэг амьтдад ээлтэй шугаман дэд бүтцийг хөгжүүлэх, зэрлэг, амьтдад ээлтэй гарц, гармын стандартын хэрэгжүүлэлтийг сайжруулахаар олон талт хамтын ажиллагааг хангаж, сонирхогч байгууллагуудын оролцоог өргөжүүлэн ажлын хэсгийг шинэчлэн байгуулан ажиллаж байна.