Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Амстердам хотын биеэ үнэлэгчид шинэ журмыг эсэргүүцэн жагсав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Нидерландын хамгийн олон хүн амтай хот Амстердамын алдарт улаан дэнлүүний гудамжны бие үнэлэгчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

Тэд хотын захиргааны санаачилсан шинэ журмыг эсэргүүцэж, хотын захирагч Фемке Халсемад 266 гарын үсэгтэй шаардах бичиг гардуулж өгсөн байна.

Хэдэн зууны түүхтэй, Де Валлен нэртэй улаан дэнлүүний гудамжинд 300 орчим том цонхны ард бие үнэлэгчид үйлчлүүлэгчдээ урин дуудаж суудаг нь аялал жуулчлалын чухал үзмэр, үйлчилгээ болдог юм.

зураг
 

Гэвч саяхан хотын захиргаанаас дээрх цонхнуудын ажиллах хугацааг гурван цагаар богиносгож, цаашдаа гудамжийг бүхэлд нь хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө танилцуулаад байгаа.

Амстердам хотын эрх баригчид дэлхий дахинд танигдсан муу нэрээсээ салах, гэмт хэргийн гаралтыг бууруулах, жуулчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах зорилготой гэж арга хэмжээгээ тайлбарладаг.

Өнгөрсөн сараас эхлэн марихуан хэрэглэхийг тус хотод хориглосон бол дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн бие үнэлэгчдийн цонхнууд өмнөхөөсөө гурван цагийн өмнө буюу шөнийн 3:00 цагт хаах журамтай болжээ.

Удахгүй улаан дэнлүүний гудамжийг хотын захад шинээр байгуулагдах “эротик төв” рүү нүүлгэх гэж байна.

Жагссан биеэ үнэлэгчид хотын захиргааны авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг эсэргүүцэж, оронд нь гудамжийг хэвээр үлдээж, цагдаагийн хяналтыг нэмэгдүүлэхийг уриалжээ.

“Манай ихэнх ажилчид баарууд хаасны дараа буюу шөнийн 12-оос 1 цагийн хооронд ажлаа эхэлдэг. Гэтэл одоо хоёрхон цаг ажиллах хязгаартай болж байна. Энэ тохиолдолд бид хангалттай мөнгө олох боломжгүй” гэж жагсагчдын нэг хэвлэлд ярьсан байна.

2020 оны нэгдүгээр сард Амстердам хотын удирдлага жуулчдын зохисгүй үйлдэл, хүсээгүй фото зураг авах явдлыг зогсоохын тулд улаан дэнлүүний гудамжаар бүлэг жуулчдыг аялуулахыг хориглож байжээ.

 

Эх сурвалж: Tribune News Service