Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бат-Эрдэнэ: УИХ-д төлөөлөлгүй болбол өмнөговьчууд л хохирно. Гишүүнээс түдгэлзэхгүйгээр мөрдөн байцаалтад оролцох нь зөв

Т.Саран, iKon.mn
2023 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын нэр бүхий гурван гишүүний эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар хаалттай хэлэлцэж байна. 

Тэдний дунд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нэр байгаа юм. Тэрбээр энэ асуудлаар "Миний хувьд Өмнөговь аймгийн 70 мянган хүний төлөөлөл. Өмнөговь бол Монголын эдийн засаг төсвийг голлон авч явж байгаа аймаг. Өмнөговьчууд сайхан амьдрахын тулд төрдөө төлөөлөлтэй байх ёстой. Хоёр гишүүнийх нь эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Жилийн хугацаанд дахиж нөхөн сонгууль явагдахгүй. 

Төлөөлөлгүй болохоор яах вэ? Зөв хөрөнгө оруулалт хийх нь өмнөговьчуудад чухал биз дээ. Том хөгжлийн асуудалд оролцох нь гишүүдийн үүрэг. Хоёр төлөөлөл нь байхгүй болбол өмнөговьчууд л хохирно. Тэд гишүүнээрээ дамжуулж төлөөлөх эрхээ алдана. Гишүүний эрхийг түдгэлзүүлэхгүй байлаа гээд хууль хяналтын байгууллагаас зугтаах, шалгуулахгүй байх асуудал байхгүй. Иргэдээ төлөөлөхийн тулд гишүүнээс түдгэлзэхгүйгээр хуулийн байгууллагын мөрдөн байцаах ажилд оролцох нь зөв гэж үзэж байна. Энэ асуудлыг зөв хармаар байна. 

Миний хувьд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан зүйл байхгүй" хэмээв. 

"Надад хамааралтай компанийн болон эхнэрийн мөнгө л миний данс руу орсон"

Түүнчлэн "Прокурорын дүгнэлтэд 15 тэрбум төгрөгийн ногдол ашгийг илүү хуваарилсан гэж байгаа юм. Бүх тайланг Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж хянаж байгаа. Надад хамааралтай компанийн мөнгө л миний данс руу орсон. Хэрэв ямар нэгэн илүү зүйл үүсвэл дутуу байдал бий болно. Бусад хувьцаа эзэмшигч нарт дутуу ногдол ашиг байхгүй.

Манай эхнэрийн нэр дээрх хувьцааны ногдол ашгийн мөнгө миний данс руу орсон. Эдгээр асуудлын нийлбэр нь 15 тэрбум төгрөг байгаа.

"Тавантолгой" ХК-ийн 51 хувь нь орон нутгийн өмч. Харин 49 хувь нь Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдсан. 3,000 орчим хувьцаа эзэмшигч бий. Энэ ногдол ашиг дээр зөрүү гарсан гэдэг асуудал үүсээд байгаа юм.

Гэмт хэргийн шинжгүй цэвэр мөнгөө хаашаа хийх нь тухайн хүмүүсийн өөрсдийнх нь асуудал. Тиймээс ямар нэгэн мөнгө угаасан зүйл байхгүй. 

Зургаан тэрбум төгрөгөөр Өмнөговь гурван МВт-ын орон нутгийн өмчит дулааны цахилгаан станц баригдаад ажиллаж байгаа. Санхүүжилтийг нь орон нутагт ногдох 51 хувиасаа шийдсэн. Бүх зүйл нь журмын дагуу явж байгаа" гэдгийг хэллээ. 

Зарим хүнтэй харилцааг нь тусгаарласан талаар "2013-2020 онд "Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар Р.Сэддорж ажиллаж байсан. Тийм учраас харилцааг нь албан ёсоор тодорхой хугацаанд тусгаарладаг юм байна" гэв.