Хүүхдийн эсрэг гэмт хэргийг таслан зогсоох "Одоо болно" жагсаалыг энэ сарын 31-нд зохион байгуулах талаар "Далд хүн" ТББ-аас өнөөдөр Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны гадна мэдээлэл өгөв.
Энэ талаар “Далд Хүн" ТББ-ын тэргүүн Б.Ууганбаяр "Монголын баялаг бол уул уурхай биш. Бидний хамгийн том баялаг бол хүүхэд юм. Гэтэл бид өнөөдөр хамгийн том баялгаа алдаж байна.
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” жагсаалыг жил болгон зохион байгуулдаг байсан. Энэ жил “Одоо болно” жагсаалыг зохион байгуулж, нэлээд том асуудлуудыг хөндөнө.
Түүнчлэн Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар (ГБХЗХГ)-ын үйл ажиллагааг гил тод, нээлттэй болгож, Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлж, ажиллаасай гэж хүсмээр байгаа юм. ГБХЗХГ нь жилд 8.3 тэрбум төгрөгийг төсвөөс авдаг боловч хүүхэд, гэр бүл, залуус руу чиглэсэн үйл ажиллагааг явуулж чадахгүй байна. Тэд ажлаа хийж чадахгүйн нэг тод жишээ бий. Хүүхэд хамгааллын байранд байхдаа хүчирхийлэлд автсан жишээ хүртэл байна. Мөн хамт байсан хүүхэд нь хүчирхийлэлд автсан асуудал гарсан.
Өнөөдөр чимээгүй хаалганы цаана шаналалд автаж, асуудлаа ил гаргаж чадахгүй олон хүн байна" гэлээ.
Иргэн О.Шинэбаяр "Би нотлох баримттай ярина. Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос 2020 оны зургаадугаар сарын 11-нд ач хүүд маань анх кейс нээж байсан. Гэвч ач хүү маань хүчирхийлэлд өртөхөд эрхийг нь хамгаалаагүй.
Тус комиссоос 2022 оны гуравдугаар сард дараах дүгнэлтийг гаргасан. Тодруулбал, "Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц болон Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хамжээ аваагүй. Хүүхэд хамгааллын үйлчилгээнд зохих ёсны хяналт тавиагүй. Ажилдаа мэргэжлийн бус хайхрамжгүй хандсан. Хүүхдийн язгуур дээд эрх, сонирхолд нийцсэн үйлчилгээ үзүүлээгүйн улмаас хүүхдийн эрх зөрчигдсөн" гэж дүгнэсэн.
Зургаан удаагийн шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүүхэд хохирсон гэдэг нь тогтоогдсон ч шалгаагүй. Миний бие Авлигатай Тэмцэх Газрын нэр бүхий даргад бичиг өгсөн ч тухайн хүүхдийн байгууллага дээр очиж, сургалт явуулж, хэлэлцээд хэргийг нь хаадаг. Тиймээс Улсын прокурорын газарт хандсан ч үр дүнд хүрээгүй. Би энэ асуудлын араас ганцаараа гурван жил явлаа" хэмээн ярилаа.
Тэрбээр үргэлжлүүлэн "Та нар Шар хадны эмнэлэг дээр очоод үзээрэй. Хар тамхи хэрэглэсэн, архи дарс, гар утсанд донтсон зэрэг янз бүрийн шалтгаантай хүүхдүүдийг хүүхэд хамгааллын ажилчид аваачиж хэвтүүлдэг. Гэсэн ч тэдэнд буцаагаад анхаарал тавьдаггүй.
Ач хүү маань хүчирхийлүүлж, хүнд байдалд байхад ч хүүхэд хамгааллын ажилчид ирээгүй. Миний хүүд тусламж хэрэгтэй байхад хаана байсан юм бэ. Хүүхэд хамгааллын байгууллагад улсаас нөхөн олговор өгч байгаа ч үнэхээр зөв зарцуулагдаж байна уу гэх хардлага байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|