Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Интел компанийн үүсгэн байгуулагч, Мурын хуулийг зохиогч Гордон Мур 94 насандаа таалал төгсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хагас дамжуулагч үйлдвэрлэлийн томоохон компани Интелийг үүсгэн байгуулагчдын нэг Гордон Мур 94 насандаа таалал төгсжээ.

Тэрбээр Баасан гарагт Хавай дахь гэртээ амьсгал хураасныг Интел компани болон түүний байгуулсан Гордон ба Бэтти Мур Сан өчигдөр мэдээлсэн юм.

Хими, физикийн ухааны доктор Мур 1965 онд “Мурын Хууль” хэмээх алдарт онолоо зохиож байжээ. Үүнээс гурван жилийн дараа тэр Интел компанийг үүсгэн байгуулалцсан юм.

Мур энэ онолоороо хагас дамжуулагч бичил элементэд агуулагдах транзисторын тоо жил тутамд хоёр дахин нэмэгдэх чиг хандлагыг тодорхойлсон байдаг.

Анх хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбарт зориулж гаргасан энэ онол сүүлдээ хатуу диск, дэлгэц зэрэг компьютерын бусад эд ангийн үйлдвэрлэлд бас ашиглагдах болжээ.

Өөрөөр хэлбэл 18 сар тутамд бүтээгдэхүүний шинэ хувилбар үйлдвэрлэлд нэвтэрч байх ерөнхий онолыг технологийн салбарт нэвтрүүлсэн юм.

Гордон Мур 1975 оноос 1987 оны хооронд Интелийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, дараа нь 10 жилийн турш компанийнхаа төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байжээ.

Улмаар 1997-2006 онд хооронд хүндэт ерөнхийлөгчийн статустай байсан юм.

1990 онд АНУ-ын ерөнхийлөгч “эцэг” Буш түүнд Үндэсний Технологийн Медаль гардуулж байсан бол 2002 онд “хүү” Буш түүнд Эрх Чөлөөний Медаль гардуулж байжээ.

Гордон Мур 2000 онд гэргийн хамт Gordon and Betty Moore Foundation буяны санг байгуулж, өнгөрсөн хугацаанд нийт $5.1 тэрбумыг байгаль орчин, шинжлэх ухаан, эрүүл мэндийн сайн үйлсэд хандивлаж байв.

Хэдийгээр баян чинээлэг нэгэн ч тэрбээр маш даруу төлөв хүн байжээ.

2005 онд тэр Мурын хуулиа “зохих хэмжээнээсээ хэтрүүлж нийтэд сурталчлагдсан миний азтай таамаг” гэж тодорхойлж байв.

1929 оны нэгдүгээр сарын 3-нд Сан-Франциско хотод мэндэлсэн Мур гэргий Бэттитэйгээ 50 жил хамт амьдарч, хоёр хүү, дөрвөн ачтай болсон байна.

 

Эх сурвалж: Associated Press

 

Зураг
55 | 3 цаг