Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас боомтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Он гарснаас хойших гадаад худалдааны талаар Статистик, дүн шинжилгээний хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн танилцуулсан юм.
Энэ тухай "Гадаад худалдааны бараа эргэлт 2023 оны эхний гурван сарын 20-ны гүйцэтгэлээр 4.8 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 56.3 хувиар буюу 1.7 тэрбум ам.доллароор өссөн байна. Үүнд:
Экспортын дүн, импортын дүнгээс 1.5 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан.
Дээрх хугацаанд Монгол Улс дэлхийн 107 улстай худалдаа хийснээс 39 улсад бараагаа экспортолсон. Мөн 105 улсаас бараа бүтээгдэхүүн импортлон авсан байна" гэлээ.
Үргэлжлүүлэн "Энэ оны гурван сарын байдлаар экспорт 3.2 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллар буюу 96.3 хувиар өссөн. Үүнд гол нөлөөлж буй бараа бүтээгдэхүүн бол эрдэс бүтээгдэхүүний экспорт.
Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний нийт экспортын 98.4 хувийг, нийт экспортын 84 хувийг дангаар эзэлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!