Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Нарангэрэл: Хилийн төмөр замын Сүхбаатар боомт ашиглалтад ороход бэлэн болсон

П.Зоригт, IKON.MN
2023 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас боомтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Боомтын үйл ажиллагааны талаар Боомтын хөгжлийн хэлтсийн гаалийн улсын байцаагч Н.Нарангэрэл дараах мэдээллийг өгөв. 

Тэрбээр "Хилийн боомтууд сэргэж байна. 

Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Боршоо, Бичигт, Алтанбулаг боомтыг, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүд, Гашуунсухайт боомтыг шинэчлэн бүтээн байгуулж, олон улсын жишигт нийцүүлэх өргөтгөл хийгдсэн" гэлээ. 

Хилийн боомтуудын өргөтгөлийн талаарх мэдээллийг тэрбээр нэмж танилцуулсан юм.

Тодруулбал,

Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хувьд зорчигч тээврийн терминал дуусаж, саяхан ашиглалтад хүлээн авсан. Зорчигч тээврийн терминалын үйл ажиллагаа хэвийн явагдаж, нэгдүгээр сарын 8-нд нээлтээ хийсэн. Одоогоор өдөрт 30 орчим автобус, 1,200 орчим зорчигч нэг талдаа орж гарч байгаа гэсэн мэдээлэл бий. Харин ачаа тээврийн терминалын бүтээн байгуулалтыг 2023 оны долдугаар сард дуусгаж, ашиглалтад хүлээн авахаар төлөвлөн ажиллаж байгаа. 
Гашуунсухайт боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг 2019 онд эхлүүлсэн. Цар тахлын хорио цээрийн улмаас бүтээн байгуулалтын ажил хойшилсон байгаа. Гэхдээ 2023 онд багтаж дуусгах төлөвлөгөөтэй байна.
Боршоо боомтын бүтээн байгуулалт 2020 онд эхэлсэн. Энэхүү ажлыг улсын комисс 2022 оны арванхоёрдугаар сард хүлээн авч, зорчигч тээврийн цогцолборыг тавдугаар сард хүлээн аваад ашиглалтад бүрэн өгөхөөр ажиллаж байна. Энэхүү боомтоор ОХУ-аас олон жуулчин орж ирдэг. Тиймээс ч голлох боомтуудын нэг.  Бүтээн байгуулалтаар Боршоо боомтын хүчин чадал долоо дахин нэмэгдэх боломжтой болж байгаа.
Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажил 2019 онд эхэлсэн. Гэхдээ цар тахлын улмаас хойшлогдсон байгаа. Одоогоор өргөтгөл 65.5 хувьтай явагдаж байна. Энд 1.7 километр урттай, дөрвөн эгнээ зам барина. Мөн 30,000 метр квадрат боомтын зогсоол баригдах юм. Орчин үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд ч ашиглалтад орно.
Хилийн төмөр замын Сүхбаатар боомтыг 2022 оны арванхоёрдугаар сарын 21-нд хүлээн авсан. Ашиглалтад бүрэн ороход бэлэн болоод байна. Тус боомт ашиглалтад орсноор төмөр замаар бүрдүүлэлт хийж байгаа ААН, бизнес эрхлэгчдийн цаг хугацааг 30 хувиар хэмнэх судалгаа гарсан.
Бичигт боомтыг 2022 онд эхлүүлэхээр Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр тендер зарлагдсан боловч нэг удаа хойшилсон. Одоогоор авто замын тендер шалгарсан. Барилга, бүтээн байгуулалтын тендерийг хавар дөрөвдүгээр сард багтааж дуусгахаар төлөвлөсөн байгаа.