Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Олон Улсын Эрүүгийн Шүүх дайны гэмт хэрэгтэй холбогдуулан Путинийг баривчлах захирамж гаргажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Украинд үйлдэгдсэн дайны гэмт хэрэгтэй холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг баривчлах захирамжийг Олон Улсын Эрүүгийн Шүүх өчигдөр гаргажээ.

Нидерландын Гааг хотод байрладаг тус байгууллага хүүхдүүд, ард иргэдийг Украины нутаг дэвсгэрээс ОХУ руу албадан нүүлгэсэн гэх хэрэгтэй холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна.

Харин Кремль дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ хариу мэдэгджээ.

“Орос улс дэлхийн өөр хэд хэдэн улсын нэгэн адил энэ байгууллагыг хүлээн зөвшөөрдөггүй тул шийдвэр нь хууль эрх зүйн үүднээс хүчингүйд тооцогдоно” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Олон Улсын Эрүүгийн Шүүхийг хүлээн зөвшөөрдөг улс орнуудад Путин аялах боломжгүй болсон эсэхийг асуухад тэр “Надад энэ асуудлаар нэмж хэлэх зүйл байхгүй” гэж хариулжээ.

Шүүхийн шийдвэрийг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “түүхэн үйл явдал” гэж магтсан байна.

“Энэ бол түүхэн хариуцлага тооцоход хүргэх түүхэн шийдвэр” гэж тэр хэлжээ. Украины эзлэгдсэн газар нутгаас хамгийн цөөндөө 16,000 гаруй хүүхдийг хууль бусаар ОХУ руу шилжүүлснийг Зеленский энэ үеэр мэдэгдсэн байна.

“Террорист улсын толгойд байгаа хүний оролцоогүйгээр ийм гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй” гэж тэр хэлжээ.

зураг
 

ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Олон Улсын Эрүүгийн Шүүхийн шийдвэр хууль эрх зүйн талаасаа манай улсад ямар ч ач холбогдолгүй хоосон зүйл” гэж сошиал хуудсандаа мэдэгдсэн байна.

Оросын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев шүүхийн шийдвэрийг ариун цэврийн цаастай зүйрлэж байгаагаа мөн сошиал хуудсандаа бичжээ.

“Гаагийн шийдвэрийн дагуу Путинийг баривчлах улс байгаа эсэхийг би хармаар байна. Нийслэл хотод нь хүрэхэд найман минут л хангалттай” гэж Кремлийн суртал нэвтрүүлэгчдийн нэг Маргарита Симонян сошиал хуудсандаа бичсэн нь баривчлахыг оролдсон улсад агаарын цохилт өгөх тухай анхааруулга байв.

Олон Улсын Эрүүгийн Шүүх өчигдөр бас ОХУ-ын хүүхдийн эрхийн байгууллагын тэргүүн Мария Львова-Беловаг баривчлах шийдвэр гаргажээ.

Оросын сөрөг хүчнийхэн шүүхийн шийдвэрийг талархан хүлээж авснаа мэдэгдэж байна.

“Баривчлах шийдвэр сонссон Владимир Владимировичид баяр хүргэе! Энэ бол эхний алхам” гэж Оросын шоронд олон жил хоригдож байсан Михаил Ходорковский бичжээ.

Олон Улсын Эрүүгийн Шүүхийн прокурор Карим Хан нэг жил гаруйн өмнө эхэлсэн Украины дайны үеэр үйлдэгдсэн гэмт хэргүүдийг мөрдөн шалгаж байгаа юм.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа Украинд ажиллахдаа дайны болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн нотлох баримтуудыг цуглуулж байв.

Олон Улсын Эрүүгийн Шүүх нь Ромын гэрээнд нэгдсэн 123 гишүүн оронтой, дэлхийн анхны байнгын ажиллагаатай олон улсын эрүүгийн хэргийн шүүх байгууллага юм. Гэхдээ энэ байгууллагад ОХУ, АНУ, Энэтхэг, Хятад, Индонез зэрэг томоохон улс орнууд багтдаггүй байна.

 

Эх сурвалж: Reuters