Дампуурлын ирмэгт тулсан орон нутгийн жижиг банк First Republic банканд $30 тэрбумыг нийлүүлэх тохиролцоонд АНУ-ын томоохон банкнууд санал нэгджээ.
Сүүлийн өдрүүдэд тус улсад хэд хэдэн банкны санхүүгийн нөхцөл байдал дараалан хүндэрсэн нь нийт салбарыг хамарсан хямрал үүсэх айдсыг бий болгоод байна.
АНУ-ын эрх баригчид банкнуудын энэхүү санаачилгыг талархан хүлээж авч байгаагаа мэдэгджээ. Америкийн банкны системд хангалттай их мөнгө байгаа тул санаа зовох зүйл байхгүйг тэд баталж байна.
JP Morgan, Citigroup тэргүүтэй 11 том банк First Republic банканд дэмжлэг үзүүлэхээр болсны дараа тус банкны хувьцааны ханш 20 гаруй хувиар өсөж, нийт хөрөнгийн зах зээлд эергээр нөлөөлжээ.
Гэхдээ арилжаа хаагдсаны дараа хувьцааны уналт дахин үргэлжилсэн нь зах зээлийн айдас бүрэн арилах болоогүйг харуулж байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын 16 дахь том банк болох SVB (Silicon Valley Bank) дампуурлын ирмэгт тулж, эрх баригчид удирдлагыг гартаа авсан нь 2008 оноос хойш тус салбарт үүссэн хамгийн том хямрал байлаа.
Үүнээс хоёр хоногийн дараа Нью-Йоркийн Signature Bank бас хаагдсан юм. АНУ-ын засаг захиргаа дээрх хоёр банкны хадгаламжид бүрэн баталгаа гаргаад байгаа.
Банкны хямрал Европ тивд бас халдварлаж, Швейцарын томоохон банк Credit Suisse-ийн санхүүгийн байдал хүндэрсэн юм.
Лхагва гарагт Швейцарын төв банк туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэний дараа Credit Suisse $50 тэрбумын “амь тариа” авахаар болсон. Энэ шийдвэрийн дараа тус банкны хувьцааны ханш 15 хувиар өсөж, нийт Европын хөрөнгийн зах зээлд сэргэлт авчирсан юм.
Эх сурвалж: BBC