Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Пабло Эскобарын үлдээсэн усны үхрүүд Колумбын эрх баригчдын шүдний өвчин болоод байна

Т.Давааням, ikon.mn
2023 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

1993 онд алагдсан хар тамхины картелын цуутай босс Пабло Эскобар хувийн эдлэндээ ховор сонин ан амьтад цуглуулах хоббитой нэгэн байсан юм.

Түүнийг алагдсаны дараа ихэнх цуглуулгыг нь амьтны хүрээлэнгүүдэд хуваарилж байжээ. Харин гурван эмэгчин, нэг эрэгчин нийт дөрвөн усны үхэр Эскобарын эдлэнгээс оргож, Колумбын зэрлэг байгальд эрх чөлөөтэй амьдрах болсон байна.

Өнгөрсөн хугацаанд тэд өсөн үржиж, тоо толгой нь 140 орчим болжээ. Хэрвээ арга хэмжээ авахгүй бол 2030 онд 1,500 хүрэх тооцоо гарсан байна.

Африк тивийн уугуул энэ амьтанд Колумбын байгальд дайсан байхгүй тул улам үржиж, хүмүүс болон бусад ан амьтдад аюул учруулах болжээ.

Колумбын засгийн газар эдгээрээс 70-ыг нь дэлхийн бусад улс орнууд дахь амьтны хүрээлэнгүүдэд өгөх зорилго тавьсан байна.

Ингэхийн тулд усны үхрүүдийг барьж, унтуулж, тээвэрлэн хүргэх ёстой. Гэхдээ энэ нь тийм амархан ажил биш. Усны үхэр нь дэлхийн хуурай газрын хамгийн аюултай амьтдын нэгд тооцогддог. Жил бүр Африк тивд усны үхрүүд 500 орчим хүний амийг хөнөөдөг байна.

“Одоогоор зөвхөн Мексик, Энэтхэгийн амьтны хүрээлэнгүүд авах сонирхлоо илэрхийлээд байна. Тиймээс засгийн газар тэдгээрийг цөөрүүлэх өөр арга замуудыг хайж байгаа” гэж Колумбын засгийн газрын байгаль орчин, экосистемийн асуудал хариуцсан агентлагийн тэргүүн Дэвид Экеверри Лопез хэвлэлд ярьжээ.

“Усны үхэртэй холбоотой үйлдэл бүр эрсдэлтэй, хэцүү, зардалтай, цаг хугацаа их шаарддаг” гэж тэр тайлбарласан байна.

Аварга том биетэй энэ амьтныг урхидаж барих маш хэцүүгээс гадна унтуулах тарианы нөлөөнд орохдоо муу байдаг гэнэ.

Учир нь усны үхрийн арьс 5 см орчим зузаан тул баргийн сум нэвтэрдэггүй юм байна.

Бас ийм том биетэй амьтныг удаан хугацаагаар унтуулах хэмжээний тариа нэлээд өндөр өртөгтэй. Усны үхэр Африк тивийн уугуул амьтан тул арслан, цөөвөр чоно, матар зэрэг махчин амьтадтай зэрэгцэн амьдардаг.

Эдгээр араатнууд усны үхрийн тоо толгойг хязгаарлаж байдаг ажээ.

Гэтэл Колумб улсын байгальд эдгээрийг айлгах ямар ч араатан байдаггүй юм байна.

2022 онд Колумб улс унаган байгалийн экосистемд аюул учруулагч гаднын амьтдын жагсаалтад усны үхрийг нэмж байжээ.

Нутгийн амьтдад аюул учруулахаас гадна гол, нуурын усны чанарт муугаар нөлөөлдөг байна. Учир нь усны үхрийн амьдардаг усанд янз бүрийн бактери, хортой замаг өсөж үржих таатай нөхцөл бүрддэг. Энэ нь загаснуудад шууд аюул учруулдаг байна.

Ингэж хордсон загасыг идсэн ан амьтад, хүмүүс хүртэл хордох аюултай. Бас аварга том бие, хүч чадал, түрэмгий зан авир нь нутгийн хүмүүст аюул учруулдаг гэнэ.

Одоогоор усны үхэр Колумб улсад хүний амь хөнөөсөн тохиолдол байхгүй ч нэг хүнийг хүнд гэмтээгээд байгаа ажээ.

Колумбын эрх баригчид усны үхрүүдийг гадаадад гаргахаас гадна тусгай вакцинаар үргүй болгох арга судалж байгаа юм байна.

Зарим биологичид жил бүр тодорхой тооны усны үхэр устгах нь тэдний үржлийг хязгаарлах хамгийн бодитой бөгөөд цорын ганц шийдэл гэж дүгнэжээ.

Хэдийгээр Эскобар энэ амьтныг хууль бус замаар импортолж байсан ч 2009 онд анхны усны үхрийг устгасны дараа Колумбын олон нийт хүчтэй эсэргүүцэж, хуулийн хамгаалалтад авахаас өөр аргагүй болж байсан гэнэ.

Эх сурвалж: Business Insider