Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Бага анги, урлаг, технологийн багшийн мэргэжлээр их, дээд сургуульд элсэх босго оноог бууруулж, 440 болгожээ

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2023 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын босго оноог шинэчлэн баталжээ. 

Ингэхдээ зарим мэргэжлийн босго оноог бууруулсан байна. Энэ талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамираас тодрууллаа. 

- Энэ оны ЭЕШ-ын босго оноог шинэчлэхдээ багшийн мэргэжлийнхийг 440 болгон бууруулжээ. Учир шалтгааныг нь тайлбарлана уу?

- Бүгд дээр биш дутагдалтай байгаа багшийн мэргэжлийн босго оноог бууруулсан. Ялангуяа, бага ангийн багш, сургуулийн өмнөх боловсрол мөн урлаг, технологийн багшийн мэргэжлийн босго оноо буурч байгаа. 

Өмнө нь их сургуулийн босго оноо 480, дээд сургуулийнх 440, коллежийнх 410 байсан. Харин энэ жил их, дээд сургууль, коллеж гэж ангилахгүйгээр тухайн хөтөлбөрт нь босго оноог тогтоосон.

- Их, дээд сургууль, коллежийн босго оноо ялгаатай байсныг нэг ижил 440 болгож байна гэсэн үг үү?

- 480 болж байгаа. 

Гэхдээ сургуулийн өмнөх боловсрол гэхэд математик, физик зэрэг хичээлийн оноо нь 480-аас дээш байна уу гэхээс илүүтэй хүүхэдтэй ажиллах ур чадвар нь чухал. 

Мөн өмнө нь Эдийн засаг, Хуулийн ангид хувийн сургуулиуд оюутан элсүүлэхдээ ЭЕШ өгсөн аль нэг хичээл нь 440 оноо хүрсэн бол авах тохиолдол байсан. Харин одоо Эдийн засгийн ангид орох бол нэгдүгээр хичээл нь заавал математик, хоёрдугаар хичээл нь англи хэл байна гэх зэргээр тодорхой зааж өгч байгаа.

Эдийн засаг, Эрх зүй, Банк санхүү, Татвар зэрэг ангийн төгсөгчийн тоо хөдөлмөрийн зах зээлд ханаж, эрэлт нь харьцангуй буурсан. Эрэлт буурсан ангиудын босго оноог 480 болгоод, хичээлүүдийг нь тодорхой зааж өгсөн. 

Энэ жилийн ЭЕШ-ын босго онооны шинэчлэлээр улс оронд хэрэгтэй байгаа, эрэлттэй тэргүүлэх мэргэжлүүд болон ханасан мэргэжлүүдэд тохиргоо хийх юм. Ханасан мэргэжлүүдээр их, дээд сургуульд элсэхэд 480-аас дээш оноотой байх ёстой. 

- Манай улсад инженерүүд дутагдаж байгаа. Энэ чиглэлийн мэргэжлээр элсэх босго оноо өөрчлөгдсөн үү?

- Инженерийн мэргэжлийн босго оноо 480. Хөдөө аж ахуйн эрэлттэй зарим мэргэжил, жишээлбэл мах, сүүний, арьс ширний зэрэг ангийн босго оноо 440

Инженерийн ангид физик, математикийн хичээлээр шалгалт өгсөн байх ёстой. Өмнө нь зарим сургууль аль ч хичээлээр өгсөн бай инженерийн ангид элсүүлж байв. Үүнийг болиулж, нэгдүгээр хичээл нь математик, физик гэж зааж өгсөн. 

Энэ мэтчилэнгээр тохируулга хийж байгаа.

Зураг
13 | 16 | 16 цаг