Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатарзориг: Төрийн албаны шалгалтад танилын хүрээ хамаардаггүй, таны мэдлэгийг хиймэл оюун ухаанаар үнэлдэг

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын 21 аймаг болон нийслэл дэх Төрийн албаны ерөнхий шалгалт үргэлжилж байна.

Нийслэлийн хувьд шалгалт гуравдугаар сарын 15-17-ныг дуустал буюу гурван өдрийн хугацаанд Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн шалгалтад нийслэлийн хэмжээнд нийт 2,057 иргэн бүртгүүлжээ.

 Эхний өдөр ирвэл зохих 140 иргэнээс 101 иргэн шалгалт өгч, 30 нь тэнцсэн байна.

Өдөрт таван ээлжээр, нэг ээлждээ 140 иргэн, нийтдээ 700 гаруй хүн шалгалт өгнө гэж тооцоолжээ.

"Шалгалт л учраас сэтгэл догдлоод, тавгүй байгаа байх. Хэн нэгнийг төрийн албанд, төрийн байгууллагад төрийн албан тушаалд томилоход шилж сонгох үйл ажиллагаа өдөр тутам явагддаг.

Хуулийн дагуу жилдээ нэг удаа зохион байгуулагддаг төрийн албаны ерөнхий шалгалт улсын хэмжээнд улирал тутамд явагддаг болсон. Цаашдаа сонирхсон хүмүүс тухайн цаг үедээ шалгалт өгдөг болох системд орохоор зорьж байгаа.

Төрийн албаны шалгалт танилын хүрээ хамаардаггүй, таны уншсан судалсан тал бүрийн мэдлэг хиймэл оюун ухаанаар үнэлэгддэг учраас эргэлзэх зүйл байхгүй.

Энэ удаа босго оноондоо хүрэхгүй гарсан ч дараагийн шалгалтын эхний байрт шалгарч буй тохиолдол олон гарч буй.

Ерөнхий шалгалтад тэнцсэн тохиолдолд хувийн хэвшил болон ТӨҮГ-ууд нөөцөд орсон байдгийг анхаарч ажлаар хангах боломжууд гарч байгаа. Ерөнхий шалгалтын дүнг аль ч байгууллага хүлээн зөвшөөрч байгаа юм" хэмээн Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг хэллээ.

Дэлхийн улс орнуудад төрийн алба өндөр шалгууртай байдаг. Энэ жишиг рүү манай улс ойртож байгааг шалгалтын комиссын гишүүн онцлов.