Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Хоёр аж ахуйн нэгж зөвшилцөөд, зэрэглэл болон галын нормыг хангасан тохиолдолд ингэж барьж болно" гэв

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 3 сарын 16
IKON.MN
зураг
 

Олон нийтийн сүлжээнд хоорондоо шахагдаж баригдсан хоёр барилгын зураг тараад буй. Энэ талаарх асуудлыг холбогдох албаныхнаас тодрууллаа.

Тус шахагдаж баригдсан барилгууд нь Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу III, IV хороололд байрладаг "Дако бизнес центр" болон "Өргөө" кино театрын өргөтгөл юм байна.

Газрын асуудлаар Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын албанаас тодруулахад ""Ньютур сафарис" ХХК болон "Дако" ХХК-ны газруудын кадастрыг давхцуулсан асуудал байхгүй. Тухайн хоёр компанийн барилгууд тус тусын газрууд дээрээ байгаа буюу газрын тал дээр зөрчил алга.

Харин манайхаас олгосон газар дээр барилга барих тухай асуудлыг Хот байгуулалт, хөгжлийн газар хяналт тавьж баталдаг. Ихэнх иргэн барилгын зөвшөөрлийг газрын алба өгдөг гэсэн буруу ойлголттой явдаг. Манайхаас газар эзэмшүүлсний дараа тухайн газар дээр барилга барих асуудлыг хянах үүрэг байхгүй" гэсэн юм.  

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын цахим хуудаснаас харахад "Дако бизнес центр" нь өөрийн "Дако" ХХК-ийн эзэмшдэг газар дээр баригдсан бол "Өргөө" кино театрын өргөтгөлийн барилга нь мөн адил өөрийн эзэмшлийн "Ньютур сафарис" ХХК-ийн газар дээр баригджээ.  

Аж ахуйн нэгжүүд хоорондоо тохиролцоод зэрэглэл нормуудыг хангасан тохиолдолд ингэж барьж болно 

Харин барилга барих зөвшөөрлийн талаар Хот Байгуулалт Хөгжлийн Газраас тодруулахад "Тухайн хоёр барилгын хувьд зөвшөөрөлтэй буюу мэргэжлийн зөвлөлийн хурлаар дэмжигдсэн барилга байгууламжууд байна. 

"Дако бизнес центр"-ийн архитектур төлөвлөлтийн даалгавар нь анх 2015 оны тавдугаар сард гарч байсан. "Өргөө" кино театрын өргөтгөлийн хувьд 2014 оны есдүгээр сард архитектур төлөвлөлтийн даалгавраа авч барилга баригдах явц нь "Дако бизнес центр" баригдсаны дараагаар эхэлсэн байна. 

Манайхаас хамгийн эхний зураг төсөл батлагдаад гарсан ч газар дээр барьсан барилга зургаасаа зөрсөн байх магадлалтай. Орон сууцны зориулалттай барилгуудаас олон нийтийн зориулалттай үйлчилгээний барилгуудын норм, стандарт өөр байдаг. 

Хоёр аж ахуйн нэгжийн хувьд хоорондоо зөвшилцөөд тодорхой зэрэглэлүүд болон галын нормыг хангасан тохиолдолд ингэж баригдаж болно" гэсэн юм. 

"Дако" ХХК-аас энэ талаарх мэдээллийг лавлахад "Манай барилга 2016 онд баригдаж эхэлсэн. "Өргөө" кино театрын өргөтгөл манай барилга баригдсанаас хойш баригдсан тухайн үед хоёр байгууллага хоорондоо зохицсоны үндсэн дээр ингэж баригдаж байсан" гэсэн юм.