Хөгжлийн Банкны сонсголоор ноолуур хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй нөхцөлтэй олгосон зээлийн асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Ноолуур хөтөлбөрийн хувьд олон жил дамнаад хэрэгжиж байна. Томоохон дэмжлэгүүд явагдаж байгаа. Төрөөс олон чиглэлд татаас өгч байна.
Нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр бараг хүүгүй зээлийг хэдхэн компанид хуваагаад өгсөн талаар өмнө нь шүүмжилж байсан. Ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрсэн бэ гэдгээ ард түмний өмнө тайлагнах цаг нь болсон. Энэ хугацаанд хэчнээн хэмжээний мөнгийг ноолуурт өгсөн бэ? Уг хөтөлбөр хэдхэн жил хэрэгжээгүй, олон жил болж байгаа.
Төрөөс янз бүрийн нэртэй дэмжлэгийг цөөн тооны хүмүүст олон жил үзүүлж байна. Олон хүн сонсголд дуудагдаад ирэхээр зарим нь түр хорооны даргыг шүүх гэсэн оролдлого хийж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаярын цаазын ялтай холбоотойгоор ярьсан зүйлийг нь гаргаж ирсэн байсан. Хуульч хүнийхээ хувьд олон жилийн өмнө ярьсан зүйл нь шүү дээ" гэдгийг хэлэв.
Харин ноолуур хөтөлбөрийн зээлтэй холбогдуулан Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал О.Нарандэлгэр "Биржийн тухай хуулийн дагуу бид үйл ажиллагаа явуулдаг. Хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн экспортод гарч байгаа тохиолдолд 90 хувь нь бирж дээр бүртгэгдэж байна.
Зээл авсан хувийн компаниуд өөрсдийн үйлдвэрийн төлөөлөгчөөр эсвэл харилцдаг түншээрээ дамжуулан түүхий эд бэлтгэн нийлүүлэх бизнесийн харилцаа явагдаж байгаа. Тэр аймгаас ийм хэмжээний чанартай ноолуур авна гэвэл Хөдөө аж ахуйн бирж зуучлалын үүрэг гүйцэтгэх боломжтой.
Манай биржийн хувьд худалдан авагч, худалдагч хоёрыг дунд нь зуучлах үүрэг гүйцэтгэдэг" гэсэн юм.