Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Индонезын Бали арлын захиргаа тус аралд ирэх ОХУ-ын жуулчдыг хязгаарлах хүсэлт гаргажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Украины дайнтай холбоотой ОХУ-ын иргэд Индонезын Бали аралд олноор ирэх болсон нь нутгийн хүмүүсийн ажлын байрыг булаах зэргээр олон асуудал үүсгэх болжээ.

Үүнтэй холбоотойгоор Бали арлын захирагч Ваян Костер энэ долоо хоногийн эхээр Орос, Украины жуулчдад хязгаар тогтоох хүсэлтийг засгийн газартаа хүргүүлсэн байна.

“Яагаад энэ хоёр улсыг онцлов? Эдгээр улсууд хоорондоо дайтаж, иргэд нь олноороо Балид ирэх болсон. Тэдний ихэнх нь амарч зугаалах биш, ажил хайж, амьдралаа залгуулахаар ирж байна” гэж Костер орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Индонезын аялал жуулчлалын сайд Сандиага Уно захирагчийн хүсэлтийг судлахаар болсноо хариу мэдэгдсэн байна.

ОХУ-д цэргийн дайчилгаа эхэлсэн есдүгээр сараас хойш 2022 оныг дуустал 60,000 орчим хүн тус улсаас Балид ирснийг статистик тоо баримт харуулжээ.

Энэ нь сар бүр 20,000 орчим хүн ирсэн гэсэн үг юм.

Тэдгээр хүмүүс ажил хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлгүй ч үсчин, хүүхэд асрагч, таксины жолоочийн ажлын байрыг булаах болсноос гадна бүр олноороо биеэ үнэлдэг болсныг арлын захиргаа мэдээлсэн байна.

Украинаас ирэх хүмүүсийн тоо бас нэмэгдсэн ч Оросуудтай харьцуулбал цөөн тоотой, нийт ирэгсдийн 10 орчим хувьтай тэнцэж байгаа ажээ.

Энэ сарын эхээр Бали арлын захиргаа хууль бус ажил эрхэлж буй гадаадын жуулчдыг илрүүлэх ажиллагаа зохион байгуулсан байна.

Ажиллагаа явуулсан эхний долоо хоногт зургаан хууль зөрчигчийг баривчилсан нь бүгд оросууд байжээ. Тэдгээрийн гурав нь биеэ үнэлэгч, хоёр нь мотоциклийн жолооны багш, нэг нь теннисийн дасгалжуулагч байсан ба бүгдийг нь албадан буцаахаар болсон байна.

Бали арлын захиргаанаас томилогдсон ажлын хэсэг хууль бус жуулчдын ажил үйлчилгээний заруудыг онлайн сүлжээнд хянаж, нутгийн иргэдээс мэдээлэл авах 24 цагийн утасны шугам ажиллуулж эхэлжээ.

 

Эх сурвалж: Aljazeera