Украинд өрнөж буй дайн нь Орос улс цаашид оршин тогтнох эсэхийг шийдэх ач холбогдолтой болсныг Путин анхааруулжээ.
Тэрбээр өчигдөр Москвагаас зүүн зүгт 4,400 км зайтай оршдог Буриадын нисэх онгоцны үйлдвэрийн ажилчидтай уулзах үеэрээ ингэж хэлсэн байна.
“Одоо энэ дайн геополитикийн асуудал биш, Оросын төрт ёсны оршин тогтнол, улс орны болон үр хүүхдүүдийн маань цаашдын ирээдүйг шийдэх агуулгатай болсон” гэж Путин энэ үеэр хэлжээ.
Украины дайныг ашиглан Оросыг “стратегийн ялагдал”-д хүргэх санаа агуулж буй Өрнөдийн орнуудыг тэр шүүмжилсэн байна.
Өрнөдийн хориг арга хэмжээнүүд Оросын эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа талаар асуултад Путин хариулахдаа “Бид эдийн засгийн бие даасан байдлаа хэд дахин нэмэгдүүлж чадсан. Манай дайснууд юунд найдаж байв? Тэд биднийг 2-3 долоо хоног, эсвэл нэг сарын дотор унана гэж тооцоолж байсан. Гэвч ийм зүйл болоогүй. Харин ч Оросын тогтвортой байдлын үндэс суурь хэний ч төсөөлж байснаас илүү хүчтэй болох нь тодорхой харагдлаа” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!