Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

“7-Eleven” дэлгүүрийн сүлжээг дэлхийн тавцанд гаргасан Японы тэрбумтан 98 насандаа таалал төгсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

“7-Eleven” конвениенс дэлгүүрийн сүлжээг дэлхийн хэмжээний бизнес болгосон гавьяатай Японы тэрбумтан Масатоши Ито 98 насандаа таалал төгссөнийг тус сүлжээний оператор компани Seven & I Holdings өчигдөр зарлажээ.

Тэрбумтан өндөр насны улмаас Баасан гарагт амьсгал хураасан юм байна.

Өнөөдөр “7-Eleven” дэлгүүрийн 83,000 гаруй салбар дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдгийн дөрөвний нэг орчим нь Японд байдаг.

1956 онд Ито нагац ахынхаа ажиллуулдаг Токиогийн бэлэн хувцасны жижиг дэлгүүрийг худалдан авч байжээ.

Дараа нь тэр үүнийгээ “Ito-Yokado” хэмээн нэрлэж, хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд бэлэн хувцас хүртэл олон нэр төрлийн бараа зардаг дэлгүүрийн сүлжээ болгон хувиргасан байна.

1970-аад оны эхээр АНУ-д зочлохдоо тэр “7-Eleven” сүлжээ дэлгүүртэй анх удаа танилцаж, 1974 онд анхны салбарыг нь Японд нээж байжээ. Улмаар 1990 оны гуравдугаар сард “7-Eleven” сүлжээний хяналтын хувьцааны багцыг АНУ-ын Southland Corporation компаниас худалдан авсан байна.

“Надаас шаргуу хөдөлмөр, аз хоёрын аль нь амжилтад хүргэсэн талаар хүмүүс байнга асуудаг. Үнэндээ аль аль нь нөлөөлсөн. Дайны дараа Японд өргөн хэрэглээний зах зээл хөгжиж эхлэх цаг үетэй давхцан бизнесээ эхлүүлснээрээ би азтай хүн юм” гэж Ито хэвлэлд өгсөн нэг ярилцлагадаа өгүүлж байжээ.

Компанийнх нь гурван захирал хувьцаа эзэмшигчдийн хуралд дэг журам тогтоох зорилгоор якуза нарт мөнгө төлсөн тухай дуулиан дэгдсэний дараа 1992 онд Ито албан тушаалаасаа огцорч байсан юм.

Ito-Yokado компани 2005 онд нэрээ Seven & I Holdings болгон өөрчилжээ. Шинэ нэрд орсон “I” үсэг нь Итод үзүүлсэн хүндлэл юм байна.

 

Эх сурвалж: BBC