Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Томуу, томуу төст өвчний улмаас амбулаториор үйлчлүүлж буй хүүхдүүдийн 60 орчим хувь нь 0-4 насныхан байна"

П.Зоригт, IKON.MN
2023 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс томуу болон амьсгалын замын халдварт өвчний өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөв. 

ХӨСҮТ-ийн Томуугийн Үндэсний нэгжийн тархвар судлаач эмч Д.Оюунгэрэл "Томуу, томуу төст өвчний тархалт арванхоёрдугаар сараас нэмэгдэж, алаг цоог дэгдэлтийн түвшин буюу гуравдугаар түвшинд хүрсэн. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчлөл буурахгүй байна.

Амбулаторид хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан нийт иргэний 16 орчим хувь нь томуу, томуу төст өвчтэй байгаа юм.

Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 35 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу уушгины хатгаагаар хэвтэн эмчлүүлж байна. Тодруулбал, өвчлөлийг өмнөх долоо хоногуудтай харьцуулахад 5-6 хувиар нэмэгдсэн.

Томуу, томуу төст өвчний улмаас амбулаторид хандаж байгаа хүмүүсийн 80 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Энэ дотроо 60 орчим хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд байгаа. 

Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна. Улсын хэмжээнд энэ жил 550,000 гаруй томуугийн вакцин хийсэн. Вакцинд хамрагдалт 83 орчим хувьтай байна. Ялангуяа, бага насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй иргэд, 65 ба түүнээс дээш насныхныг улирлын томуугаас хамгаалах хамгийн зөв арга бол томуугийн вакцин юм.

Хэрэв томуугийн вакцинд хамрагдаагүй байгаа бол харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд хандаж, вакцинаа хийлгэж болно" гэлээ.