Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Нямсүрэн: Нэгдүгээр сарын 20-ноос хойш коронавирусийн өвчлөл долоо хоногт таваас бага бүртгэгдэж байна

П.Зоригт, IKON.MN
2023 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулав. 

Энэ үеэр Коронавирусийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Нямсүрэн дараах мэдээллийг өгөв. 

Тэрбээр "Дэлхийн дахинд коронавирусийн өвчлөл буурч байна. Сүүлийн долоо хоногт Хятад улсад 97,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 12.7 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Түүнчлэн манай улсын иргэд олноор зорчдог АНУ, Герман, Япон, Солонгос, Хятад, ОХУ зэрэг 12 оронд өвчлөл харьцангуй буурч байна.

Монгол Улсын хувьд коронавирусийн өвчлөл энэ оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн тогтвортой буурч байгаа. Тодруулбал, улсын хэмжээнд нэгдүгээр сарын 20-ноос хойш долоо хоногт бүртгэгдэж буй коронавирусийн өвчлөл таваас бага байна. 

Сүүлийн долоо хоногт улсын хэмжээнд 962 PCR шинжилгээ хийгдсэн байдаг. Үүнээс хоёр тохиолдол нь эерэг гарчээ. Мөн түргэвчилсэн 1,075 шинжилгээг хийсэн бөгөөд нэг эерэг тохиолдол бүртгэгдсэн. Улсын хэмжээнд өвчлөл буурсан" гэлээ. 

Мөн үргэлжлүүлэн "Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нээс хойш коронавирусийн нас баралт Монголд бүртгэгдээгүй. Хамгийн сүүлд 2022 оны арванхоёрдугаар сарын 21-нд халдварын улмаас нэг иргэн нас барсан. Үүнээс хойш КОВИД-19 шалтгаант нас баралт бүртгэгдээгүй.

2022 оны хоёрдугаар сарын 14-нд Улсын онцгой комиссоос албан ёсоор шар түвшинд шилжсэнийг зарласан. Үүнийг ногоон түвшинд шилжүүлье гэдэг саналыг ХӨСҮТ-өөс хүргүүлсэн.

ДЭМБ-аас улс орнуудад хариу арга хэмжээнээс илүүтэйгээр цаашдын цар тахалд бэлэн байдлыг хангах, бэлтгэх үе шат руу шилжин ажиллахыг зөвлөмж болгож байгаа.

Манай улсын Эрүүл Мэндийн Яаманд цар тахлын тогтвортой байдлын төлөвлөгөөг гаргах ажлын хэсэг байгуулагдсан. Ковидын тандалтыг томуутай нэгтгээд үргэлжлүүлж байна" хэмээн хэллээ.