Вагнер группийн Пригожин сумгүйгээс болоод их хохирол амсаж байгаа талаар ОХУ-ын батлан хамгаалах яаманд гомдоллов
Оросын хувийн зэвсэгт хүчний компани Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин өчигдөр сошиал хуудсандаа амь үрэгдсэн цэргүүдийнхээ гэрэл зургийг нийтлээд ОХУ-ын батлан хамгаалах яамыг үүнд буруутгажээ.
Тус группийн хөлсний цэргүүд одоо Украины Бахмутын ойролцоо өрнөж буй ширүүн тулаанд тэргүүлэн оролцож байгаа юм.
Сум хэрэгслээс эхлээд нуувч ухах хүрз хүртэл нийлүүлэлгүй тасалдуулж буй ОХУ-ын батлан хамгаалах яамны удирдлагуудыг Пригожин өөрийнх нь группийг устгах далд санаа агуулсан хэмээн шүүмжилжээ.
Үүний улмаас цэргүүд олноор амь үрэгдэх, дайсны талд урвах явдал түгээмэл гарах болсныг тэр мэдэгдсэн байна.
Ингэхдээ Пригожин хөлдүү газарт олноороо хэвтэх цэргүүдийнхээ цогцсын гэрэл зургийг үзүүлжээ.
“Эдгээр залуус бол сум хүрэлцээгүйгээс болоод өчигдөр амь үрэгдсэн юм” гэж тэр тайлбарласан байна.
Батлан хамгаалах яамны удирдлагуудыг шахах, шаардах хөдөлгөөн өрнүүлэхийг Оросын ард иргэдээс Пригожин хүссэн байна.
Удалгүй Пригожины мэдэгдлийг ОХУ-ын батлан хамгаалах яам няцаасан юм. Вагнерын цэргүүдийг сум хэрэгслээр хангах нь тэргүүн зэргийн чухал асуудал хэвээр байгааг илэрхийлээд хоёрдугаар сарын 18-наас хойш Даваа гараг хүртэл хугацаанд нийтдээ 1,660 пуужин, 10,171 их бууны сум, 980 танкийн сум нийлүүлснээ батлан хамгаалах яам мэдээлжээ.
Гэвч Пригожин байлдааны ажиллагаа явуулахад шаардлагатай байгаа хүссэн хангамжийнхаа 80 хувийг хүлээж аваагүйг хариу мэдэгдсэн байна.
Хэдийгээр байдал маш хүнд байгаа ч Бахмутыг алдахгүйн тулд эцсээ хүртэл тулалдахаа тэр илэрхийлжээ.
“Бид Бахмутыг орхихгүй. Бид Вагнерын дайчдыг дуусах хүртэл тулалдана. Вагнерчууд үхэж дууссаны дараа Шойгу, Герасимов нар өөрсдөө буу бариад тулалдана биз” гэж тэр мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

