Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Бэлгийн цөөнхийг доромжилсон зөвлөхөө Япон улсын ерөнхий сайд ажлаас нь чөлөөлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида бэлгийн цөөнхийн талаар доромжилсон агуулгатай зүйл ярьсан зөвлөхөө албан тушаалаас нь чөлөөлж буйг өчигдөр мэдэгджээ.

“Бид олон талын оролцоог хүндэтгэдэг, бүгдэд хүртээмжтэй нийгмийг бүтээхийг зорьж байна” гэж Кишида шийдвэрийг зарлахдаа хэлсэн байна.

Ажлаасаа чөлөөлөгдсөн Масаёоши Арай саяхан “ижил хүйстэн хосуудтай хөрш зэргэлдээ амьдрах хүсэлгүй”, “тэдэнтэй тааралдахыг ч хүсэхгүй” гэх мэтээр хэвлэлд ярьжээ.

Тэрбээр цааш нь бэлгийн цөөнхийг хүлээн зөвшөөрөх нь “нийгмийн уламжлалт хэв маягийг өөрчлөх хор уршигтай”, зөвшөөрөхгүй байсны үр дүнд цөөн хэсэг хүн улс орноос нь явахаас өөр эрсдэлгүй гэх мэтээр ярьсан байна.

Арай сүүлд олон нийтээс уучлал гуйж, ярьсан зүйл нь ерөнхий сайдын байр суурийг илэрхийлэхгүй болохыг мэдэгдэж байв.

Түүнийг чөлөөлөх шийдвэр Кишидагийн засгийн газрын нэр хүндийг улам унагаж байна. Сүүлийн саруудад түүний танхимын хэд хэдэн сайд янз бүрийн дуулиантай холбоотойгоор огцорсон юм.

Япон улс уламжлалт хүйсийн харилцаа, гэр бүлийн үнэт зүйлсийг дээдэлдэг. Их Долоогийн гишүүдээс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй ганц улс юм.

Гэхдээ энэ тал дээр Японы олон нийтийн хандлага өөрчлөгдөж буйг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байгаа.

Сүүлийн жилүүдэд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрдөггүй нь үндсэн хуулийг зөрчиж буй тухай асуудлаар иргэд шүүхэд гомдол гаргах явдал нэмэгдсэн байна.

Саяхан ерөнхий сайд Кишида энэ асуудлаар парламентад үг хэлэхдээ байр сууриа илэрхийлсэн юм. Уламжлалт гэр бүлийн бүтцэд нөлөөлөх магадлалтай тул ижил хүйстнүүдийн гэрлэлтийн асуудалд болгоомжтой няхуур хандах ёстойг тэр энэ үеэр онцолжээ.

 

Эх сурвалж: BBC