Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Судалгаанд оролцсон Өмнөд Солонгосын иргэдийн 70 гаруй хувь цөмийн зэвсэгтэй болохыг дэмжжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын аюулаас өөрийгөө хамгаалахын тулд үндэсний цөмийн зэвсгийн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай гэж судалгаанд оролцсон Өмнөд Солонгосын иргэдийн 70 гаруй хувь үзжээ.

Gallup Korea судалгааны төв энэ асуудлаар 1,000 насанд хүрэгчийг түүврийн аргаар санал асуулгад хамруулж, үр дүнг нь Даваа гарагт танилцуулсан байна.

Ингэхэд судалгаанд оролцогчдын 76.6 хувь Өмнөд Солонгос улс бие даан цөмийн зэвсэгтэй болохыг дэмжжээ.

Бас 77.6 хувь нь Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах “боломжгүй” гэж үзсэн бол 78.6 хувь Пёньяны дэглэм долоо дахь удаагаа цөмийн зэвсэг турших нь тодорхой болсон гэж хариулсан байна.

Судалгаанд оролцогчдын 51.3 хувь нь Солонгосын хойгт дайн гарахад АНУ-ын зэвсэгт хүчин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хамгаална гэдэгт итгэдгээ илэрхийлжээ.

Санал асуулгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-наас арван хоёрдугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд оролцогч тус бүртэй ярилцах аргаар зохион байгуулсан юм байна.

 

Эх сурвалж: Yonhap News