Уншиж байна ...
Зураг
Зураг

АмЧам Монгол "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль"-ийг эргэн харахыг уриалж байна

ikon.mn
2023 оны 1 сарын 27
Сурталчилгаа

УЛААНБААТАР, Монгол улс – Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбоо (ЦХХХ)-ны сайд Н.Учрал санаачлан, 2023 оны 1-р сарын 18-ны өдөр барьж, 19-20-ны өдрүүдэд олон нийтийн хэлэлцүүлэг хийлгүйгээр УИХ-аар хэлэлцэн баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль нь Монгол улсын Үндсэн хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Хүний эрхийн тухай олон улсын түгээмэл тунхаглалууд, конвенцууд болон хүний үг хэлэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг ноцтойгоор зөрчиж, ардчиллын үйл явцыг үлэмж ухраасан явдал боллоо гэж Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын зүгээс үзэж байна.

Иргэний нийгмийн бусад байгууллагуудын нэгэн адил манай танхимын Мэдээлэл, холбоо харилцаа, цахим эдийн засгийн хороо дараах үндэслэлүүдээр уг хуульд хориг тавих шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:

1. ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ БАТАЛСАН

Хууль тогтоомжийн тухай хуулийн 38.1- 38.7-д заасны дагуу хуулийн төсөлд олон нийтийн санал олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох материалыг баримтжуулан хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хавсаргаагүй, хууль боловсруулахтай холбоотой үнэлгээ, судалгааны тайланг нийтэд ил тодоор байршуулаагүй, олон нийтийн саналаас төсөлд тусгасан болон тусгаагүй саналын товъёгийг албан ёсны цахим хуудсандаа байршуулаагүй.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21.1-ийн дагуу дараалал харгалзахгүй “нэн яаралтай” хэлэлцэх хуулийн төсөл мөн гэдгийг үндэслэх  тайлбар, нотолгоо байхгүй, өөрөөр хэлбэл уг хуулийг яаралтай горимоор батлахгүй бол  “үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг” эрсдэлд оруулж буй тухай ямар нэг баримт нотолгоо бүхий үндэслэл, шууд хамаарал хуулийн төслийн үзэл баримтлал болон танилцуулгад байхгүй.

2. ХЭТ ӨРГӨН ӨРГӨН ХҮРЭЭНИЙ ТОМЬЁО АШИГЛАСНААР УГ ХУУЛИЙГ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭХ ӨНДӨР ЭРСДЭЛИЙГ БИЙ БОЛГОСОН

НҮБ-ын ХЭЗ-өөс Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах зохицуулалт нь зайлшгүй шаардлагатай, хуулийн хүрээнд бөгөөд хариуцлага тооцох арга хэрэгсэл нь зохистой байх шалгуурыг хангахаас гадна уг хуулийг хэтрүүлэн ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор:

  1. Тодорхой, ойлгомжтой байх
  2. Хэтрүүлэн хэрэглэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хуулиар бий болгосон байх (жишээ нь хэрэгжилтийг хянах хараат бус механизм байхгүй) шаардлагатай. 

Гэвч, “экстремист үйл ажиллагаа” “Үндэсний эв нэгдлийг бусниулах” “террорист үйлдэл хийх” зэрэг нэр томьёог өргөн хүрээнд ашиглаж, аливаа шүүмжлэлт үзэл бодол, байр суурийг “Зөрчилтэй контентод” хамаатуулан устгах, түгээлтийг сааруулах зэрэг боломжийг нээж өгч байна. Экстремизмийн гол шинж чанар буюу “санаатай үйлдэл”, “үзэн ядалтыг дэвэргэх” зэрэг шинж чанарыг дурдаагүй.

3. ИРГЭНИЙ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХЭД ШУУД ХАЛДСАН

Хүн бүр бүх төрлийн мэдээллийг хайх, хүлээн авах, санаа бодлоо илэрхийлэх эрхтэй. Ялангуяа олон нийтийн анхаарлыг татсан асуудлаар, тэр дундаа хүчирхийлэл, терроризмтой холбоотой асуудлаар, түүнчлэн улс орнууд, улстөрчид эдгээрт хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаа талаар санал бодлоо илэрхийлэх, шүүмжлэх эрхтэй. (Хельсинкийн тунхаглал)

Гэвч, хуулийн 8.1.4-д зааснаар жирийн иргэн хэн нэгний үзэл бодлыг ТҮГЭЭСЭН буюу бусадтай хуваалцсан бөгөөд тухайн контентыг эрх баригчид “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол, хор уршиг учруулсан” гэж үзвэл иргэн  гэм хорыг арилгах үүрэгтэй болсон.

Мөн хуулийн 8.1.5-д зааснаар иргэн бүр сошиал орчинд нийтэлсэн контентынхоо “үнэн зөв байдлыг хариуцах” үүрэгтэй. 

4. ТӨРИЙН ЭРХ БАРИГЧ ХҮССЭН ЦАГТАА МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭГ ХЯЗГААРЛАХ, ХЯНАХ ЭРХ МЭДЛИЙГ ХУУЛИАР БАТАЛГААЖУУЛСАН

  • Харилцаа холбооны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Үндэсний хэмжээний кибер халдлага ҮҮСЭЖ БОЛЗОШГҮЙ гэж үзвэл дотоод хэргийн асуудал эрхэлсэн сайдын саналаар “зөрчилтэй” контентын тархцыг бууруулах, харилцаа холбооны сүлжээг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах боломжтой болсон. 
  • Кибер аюулгүй байдлын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Тагнуулын Ерөнхий Газар “Зөрчилтэй контент”-ыг илрүүлэх, таслах зогсоох зорилгоор мэдээллийн сүлжээнд хяналт тавих буюу тагнах эрх мэдэлтэй болсон.
  • Энэ хууль  хэрэгжсэнээр худал мэдээлэл, гуйвуулга, иргэдийг санаатайгаар төрүүлэх мэдээлэл багасахгүй, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан мэдээлэл устаж алга болохгүй. Интернэт хил хязгааргүй учир дэлхийн хэмжээнд цацагдаж буй бүх төрлийн мэдээлэл Монголд ч гэсэн нээлттэй хэвээр байна.
  • ХАРИН, Засгийн газар, харьяа байгууллагуудын бүтцэд байгуулах нэгжүүдээр дамжуулан гурваас дээш тооны хэрэглэгчийн цахим харилцааг хянах, үзэл бодлоо илэрхийлсэн, зөрчилтэй контент нийтэлсэн, хуваалцсан хэргээр хуулийн хариуцлага хүлээлгэх, нийтийг хамарсан жагсаал цуглааны үед интернэт сүлжээг унагах зэрэг хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах боломж олгосон.
  • Мөн хуулийн 3.2-т “Олон нийтийн сүлжээгээр гурваас доош тооны хэрэглэгч хоорондоо харилцахад энэ хууль үйлчлэхгүй” гэж заасан нь ЦХХХ-ны сайд Н.Учралын тайлбарлаж буй хүүхдийг гэмт хэргийн золиос болохоос хамгаалах боломжгүй болох юм. Учир нь гэмт хэрэгтэн хувь чатаар буюу хөндлөнгийн 3 дахь хэрэглэгчгүй үед л насанд хүрээгүй хүүхдийг хуурч мэхлэх, нүцгэн зураг бичлэгийг авах, сүрдүүлэх, дарамтлах, хүчээр биеийг нь үнэлүүлэх, эд эрхтнийг нь авах, хүний наймааны золиос болгох /сайдын постоос эш татав/ гэх мэт гэмт хэргийн эх суурь тавигддаг. Харамсалтай нь энэ эрсдэлээс хамгаалах нэг ч заалт Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуульд багтсангүй. 

5. ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ БУС ШҮҮХИЙН ОРОЛЦООГҮЙГЭЭР ХЯЗГААРЛАХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЖ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАВХАРДАЛ ҮҮСГЭСЭН

  • Хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хоёрхон тохиолдолд хуулиар хориглодог. Эхнийх нь гэмт хэрэгтэн болохыг шүүхээр тогтоож, ял эдлүүлэх үед, хоёр дахь нь улс орон даяар Онц байдал зарласан үед мэдээллийг нэг сувгаар авах тохиолдол байж болдог. Бусад бүх цаг үед хүний амьдралын туршид хамт явах заяагдмал эрхийг хязгаарлах боломжийг Засгийн газрын гишүүн эдлэхээр зохицуулсан. Хуулийг дагалдаж өөрчлөгдсөн Онц байдал үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж үзвэл дотоод хэргийн асуудал эрхэлсэн сайдын саналаар зөвлөл шийдвэрлэж интернэт сүлжээг унагах боломжтой болсон нь ҮАБЗ, УИХ-ын эрх мэдлээс давсан шийдвэр гаргах эрхийг өгсөн.
  • Хууль тогтоомжийн давхардлыг арилгаж, цахим үндэстэн болгоно гэж буй ЦХХХ-ны сайдын өргөн барьж батлуулсан хуульд заасан зүйл заалтуудын ихэнх нь бусад хуулиар зохицуулсан зохицуулалтууд байна. Тухайлбал, хуулийн 6.1-д заасан зөрчилтэй контентод хамруулах 12 агуулгын 9 нь Эрүүгийн хуульд, 2 нь Зөрчлийн хуульд хариуцлага хүлээлгэхээр заасан заалтууд байна. Түүнчлэн Оюуны өмчийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль гэх мэт олон хуульд хориглож, хариуцлага тооцохоор заалтуудыг энд “бөөгнүүлэн” давхардуулжээ.
  • Хуулийн 10.1-д Олон нийттэй харилцах нэгж нь зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хүлээн авч, ХЯНАН ШИЙДВЭРЛЭНЭ гэж заасан нь хэрэг мөрдөн шалгах, шийдвэрлэх үе шат бүхэн нь хуулиар зохицуулагддаг мэргэжлийн байгууллагын үүргийг нийгмийн салбаруудаас бүрдүүлсэн Олон нийттэй харилцах нэгж гэх 12-15 хүний бүрэлдэхүүнтэй нэгж шийдвэрлэхээр болгож, дагалдах журамдаа тусгана гэжээ. Харин энэ нэгж дэх хүмүүс буруу шийдвэр гаргасан бол ямар хариуцлага тооцож, иргэний зөрчигдсөн эрхийг хэрхэн хангах нь тодорхойгүй байна.

6. МОНГОЛ УЛСЫН НЭР ХҮНДИЙГ ОЛОН УЛСАД УНАГААХ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ҮРГЭЭХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ

Энэхүү хуулийг баталсан өдрөөс эхлэн Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын нэр хүнд бүхий компаниуд Монгол улс цаашид хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг ийнхүү хязгаарлах аваас Монгол улс дахь үйл ажиллагаагаа зогсоож, зах зээлээс гарахаас аргагүй болно гэдгээ илэрхийлээд байна.  

Тиймээс хууль зөрчин батлагдсан, олон хуулийн давхардал үүсгэсэн хүний эрхийг хамгаалах бус хязгаарлах нөхцөлийг бий болгосон энэ хуульд Ерөнхийлөгч хориг тавих эсвэл Үндсэн Хуулийн Цэц хүчингүй болгох шаардлагатай байна.

Эцэст нь АмЧам Монголын зүгээс, энэхүү хуульд бүхэлд нь хориг тавиулах талаар төрийн 3 өндөрлөгт албан ёсоор хандаж, хуулийг засаж, сайжруулах талаар хамтран ажиллах болно.  

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.