Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сүхжаргалмаа: Тойргийн сонгогчдын 1/3-ээс доошгүй хүний саналаар гишүүдийг эгүүлэн татах заалтыг Үндсэн хуулийн төсөлд оруулсан

Т.Саран, iKon.mn
2023 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жендэрийн асуудал хариуцсан судлаач, зөвлөх Д.Сүхжаргалмаа яагаад шинэ Үндсэн хууль хэрэгтэй талаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Элчин сайдын яамдын төлөөлөлтэй уулзахад тэдний санаа зовнилыг мэдсэн юм. Бид чинь ардчилсан улс шүү дээ. 1992 оны Үндсэн хуулийн үзэл санаанаас огтхон ч ухраагүй. Харин ч шинэ шатанд гаргаж байна гэдгээ хэлсэн. Тухайлбал, шинэ Үндсэн хуулийн төсөлд иргэний орон зай гэдэг үгийг нэмлээ. Төрөөс энэ асуудлыг тэтгэн дэмжиж, тэлнэ гэсэн байгаа. Иргэний орон зай гэдэг нь иргэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх, төрийн удирдлагад оролцох тухай юм.

Тойргийн сонгогчдын 1/3-ээс доошгүй хүмүүсийн саналаар гишүүдийг эгүүлэн татах заалтыг оруулж өгч байгаа. Одоо байгаа Цэцээр дамждаг арга нь бүтэшгүй. 10,000 сонгогчийн гарын үсэгтэйгээр хууль санаачлах эрхийг иргэдэд өгч байгаа. Санал болгож байгаа энэ хуулийг та бүхэн уншаарай. Хаях гэхээсээ илүү авах ухаанаар хандаасай гэж хүсэж байна. Өмнөх Үндсэн хуульд ийм механизм байгаагүй.

Өөр нэг хүний эрх байдаг. Мэдээлэл хайх, авахаас гадна түгээх гэдэг үгийг огт ашиглаж байгаагүй. Энэ үгийг бид нэмж өгч байгаа. Уг хуульд хүний эрхийг хумьсан зүйл огт байхгүй. 

Хүн амын 67 хувь нь бага орлоготой, орон гэргүй олон хүн байна. Нэг хүүхэд төрөхөд ядуурлын шугаман доогуур орж байгаа. Засаг төр хэдхэн хүний гарт орчихсон, ашиг сонирхлын зөрчилд орсон. Олон мянган хүн эх орноосоо дайжиж байна. Энэ бүх нөхцөл шалтгааны үүднээс шинэ Үндсэн хууль хэрэгтэй байгаа юм" гэдгийг хэллээ.